С.Чинзориг: Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 27 тэрбум төгрөг дутна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслөөр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг:
-УИХ 2019 онд тогтоол гаргаж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олго гэсэн. Засгийн газар тогтоол гаргаад хэрэгжүүлж байгаа. Энэ оны төсөвт 916 мянган хүүхдэд мөнгө олгохоор байсан. Зургадугаар сард нийт хүүхдийн 85 хувь буюу 1 сая хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байгаа. Ирэх оны төсөвт мөн ингэж тусгасан. Ирэх онд хүүхдийн мөнгө олгох асуудал дээр дутах талтай. СГХ-ноос ирэх онд хүүхдийн тоо 1 сая 193 мянгаар болно гэсэн тооцоолол бий. Хэрвээ энэ тогтоол батлагдвал 1,1 сая хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгоно. Өнгөрсөн хугацаанд нийт хүүхдийн 95 хувь нь хүүхдийн мөнгө авч ирсэн. Ингээд тооцохоор 1 сая 130 мянган хүүхдэд олгох болно. Ирэх оны төсөвт нэг сая хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор төсөвлөсөн. Тэгэхээр 130 мянган хүүхдийн 27 тэрбум төгрөгийг олох асуудал үүсэх байх гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг гишүүдийн 67 хувийн саналаар дэмжлээ. Ингээд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ