Чуулганы хуралдаан түр завсарлалаа
17:10 цаг:
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь чуулганы хуралдаанаар дэмжигдсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэх үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгож, чуулганы хуралдаан түр завсарлалаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дүгнэлтийг чуулганы хуралдаанд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бүхэл нь батлах юм байна.
Д.Эрдэнэбат: Бидний зөвшилцлийн үр дүн гарсангүй
УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос гаргасан саналаар санал хураалт явуулав. АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг гаргаж, байнгын хорооноос дэмжигдээд байгаа юм. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх саналыг дэмжлээ. Дараагаар нь "УИХ-ын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмаар явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшигч, болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө" гэсэн саналд гишүүд байр сууриа хэллээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Үндсэн хуулийн зөвшилцөл үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Энэ санал бол АН-аас гаргаж байгаа санал. Энэ бол өнөөдрийн асуудал биш Монголын хөгжлийн 20-30 жилийн асуудал. Энэ саналаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувь заяа шалтгаална хэмээв.
Ингээд санал хураалт явууллаа. Санал хураалтад 69 гишүүн оролцож, 41 гишүүн дэмжсэнээр, холимог тогтолцоогоор санал өгөх заалт дэмжигдсэнгүй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн санал хураалтад нийт гишүдийн 4/3 буюу 57 гишүүн дэмжсэнээр санал дэмжигддэг заалттай. Үүний дараагаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Бидний зөвшилцлийн үр дүн гарсангүй. АН гурван санал тавьсанаас хоёр нь уналаа. АН өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бие биедээ итгэлцэж явсан. Үндсэн хууль доголон байж болохгүй. Үндсэн хуулийг бүтэн байлгахын төлөө АН байсан. Өнөөдрөөс эхлээд АН-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй боллоо.
О.Баасанхүү: Ерөнхий сайд нь өөрийн хамаатан садан, найз нөхдөөрөө танхимаа бүрдүүлвэл яах вэ
16:10 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намын гишүүнчлэлийн босгыг 20-аас дээш гишүүнчлэлтэй байхаар тогтоож байгаа аж. Энэ заалт нь 2020 оны сонгуулиар хэрэгжихгүй юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ард түмнээсээ асуух байсан. Энэ асуудал хэлэлцүүлгийн шатанд хасагдаж, хориг тавигдсанд үнэхээр харамсаж байна. Хөрөнгө мөнгийг Засгийн газраас гаргах боломж байсан. Мөн ирц хүрэхгүй гэсэн зохиомол зүйл гаргасан. Монголын ард түмэн улс төрийн идэвхтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал асуулгаа өгөх байсан. Тиймээс ирэх өдрүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар баахан баалуулах байх. Мөн холимог системийг оруулж ирэхээр ярьж байна. Жалга, довны ард түмэн гэж яриад байх юм. Хөдөөгийн ард түмнийг жалга довных гэж үзэж байна. Можаратори тогтолцоог авч явахаас өөр арга байхгүй, одоохондоо. Улсын хэмжээнд бодлого ярьдаг 26 гишүүн байна гэх юм. УИХ-ын гишүүд бодлогын асуудал л ярьдаг.
Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд УИХ-д танилцуулна гэж байгаа. Хэрвээ Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хэмжээнд ах дүү, найз нөхдөө оруулж ирвэл яах вэ? УИХ буцаах асуудал бий юу?
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд та оролцсон. Ерөнхий сайд УИХ-д танилцуулж, чөлөөлж, огцруулна гэдэг төсөл өргөн барьсан. Энэ нь өөрчлөгдөхөөр болоод байгаа гэлээ.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулав. Ажлын хэсгээс зөвшилцөн оруулж ирж, хоёр дахь хэлэлцүүлгээр шийдвэрлэгдсэн "Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө" гэсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байлаа. Уг саналд УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-2009 оноос хойш мөнгөний МАНАН байсан бол 2012 оноос хойш цусан төрлийн МАНАН болсон. Намыг дарга бөгөөд Ерөнхий сайд нь хэнтэй ажиллахаа өөрөө шийдэхээр байна. Сайд нь авсныхаа дараа намын санхүүжилтийг шийднэ. ҮХЦ-д "ланд крузер" машин бэлэглээд "сайдыг огцруулах" хуулийн заалт хүчингүй болгосон. Одоо огцруулах мянга түмэн сайд байна. Гадаа Болороо гээд охин хөлдөж үхэх гээд 10 хонож байхад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь өгзөг өмөөрөөд явж байсан. Саарал жагсаалт"-д оруулсан балай, салгасан өвгөнийг огцруулж юу нь болохгүй байна. Дараа нь төсөв дээр ямар хяналт тавих вэ? хэмээв.
Ингээд санал хураалтаар гишүүдийн олонхи нь Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийг дэмжлээ. Дараагаар нь
Д.Лүндээжанцан: Бид сонгосон замаасаа ухрахгүй
13:30 цаг:
УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 24 зүйлийн 52 заалтыг хөндөхөөр оруулж иржээ. Хэлэлцүүлгээр Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын зөвлөлийн саналыг тусгахаар хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд орон нутгийн асуудал тусгагдалгүй орхигдлоо гэсэн байр суурийг хэлж байв. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Үндсэн хуульд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болох, төвлөрлийг сааруулах талаар заалт оруулсан. Сумын Засаг даргыг иргэдээс сонгох заалт яригдаж байсан. Үүнийг ердийн хуулиар зохицуулахаар болсон. 21 аймгийн төвийг хот гэж нэрлэхээр бололцоог Үндсэн хуулиар нээж өгч байгаа. Нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалт энэчлэн орж ирсэн байгаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Бид ардчиллыг гүнзгийрүүлж байгаа. Сонгосон замаасаа ухрахгүй. Засаад урагшаа явах ёстой. Олон улсын байгууллагаас зөвлөмж ч юм уу, шүүмж ч юм уу ирсэн гээд байгаа. Бид Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар ярьсан. Энэ асуудал 2020 оны сонгуулиар шийдэгдэхгүй. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж, нам байгуулна гэж байгаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Сумын Засаг даргыг иргэдээс сонгох асуудалд би зөрчилдөж байлаа. Эдгээс асуудлуудаас бид зөвшилцсөний хүчинд нааштай ойлголтод хүрээд явж байна. Гишүүн бүр тойрогтоо ажиллаж сонгогчдын саналыг авсан.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх