БНХАУ: Цахим гэмт хэрэг хийсэн 60 мянган хүнийг баривчилжээ
2019-11-15

 

Хятадын хууль сахиулах байгууллагууд интернетийн тусламжтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 60  мянган хүнийг энэ оны нэгдүгээр сараас 10 дугаар сарын хооронд баривчилсан гэж China Daily мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэдийн үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүдийн тал хувь нь нууц мэдээлэл олж авах, хакерийн довтолгоо хийх, луйвардах болон садар самуун бичлэг тараахтай холбоотой байсан гэнэ. 

 

"Сүүлийн жилүүдэд цагдаагийнхан сүлжээний гэмт хэргийн шинэ төрлүүдтэй тулгарах болсон. Хэдийгээр өнгөлөн далдлалт хийж байгаа ч хууль сахиулагчид энэ төрлийн хэрэг зөрчилтэй идэвхитэй тэмцэж байна" хэмээн  Нийгмийн аюулгүй байдлын яамны дэргэдэх цахим аюулгүй байдлын удирдлагын газар мэдэгджээ. 

 

Албан ёсны мэдээллээр Хятадад 830 сая орчим интернет хэрэглэгч байдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг аж. Түүнчлэн цахим худалдаа болон бүх төрлийн онлайн үйлчилгээний салбарт БНХАУ тэргүүлэх байр эзлэдэг. 

 

Иргэдээ сүлжээний луйварчдаас хамгаалахын тулд Хятадын эрх баригчид гэм этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох идэвхитэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд сүүлийн үед хакер болон бусад цахим гэмт хэрэгтнүүдийг шууд болон дам байдлаар дэмжсэн хэрэгт буруутгагдсан компаниудыг хүнд шийтгэх болжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин