У.ХҮРЭЛСҮХ ЭЭ, ЭРХ МЭДЛЭЭС ЗУУРАЛДАЛГҮЙ ХОЛДОЖ ЧАДДАГ БАЙ!

img

 

Намын даргаас эхлээд төрийн тэргүүн хүртэл бүх өндөр албан тушаалын амтыг үзсэн хүн одоо дахиад ямар албан тушаал, ямар эрх мэдэл хүсээд байгаа юм бол? Монголын улс төрд зарим хүн албан тушаалд очих гэж улайрдаг бол зарим нь албан тушаалаас бууж сурахгүй юм. У.Хүрэлсүхийн намдаа эргэн ирж, МАН-аа цэгцлэх тухай яриа энэ асуултыг дахин тавихад хүргэж буй.

Төрийн бүх оройд хүрсэн хүн одоо хаашаа авирах вэ?

У.Хүрэлсүх Монголын улс төрд туршиж үзээгүй өндөр албан тушаал бараг үлдээгээгүй хүн. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайд, МАН-ын дарга, эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Тэрбээр намынхаа хамгийн өндөр нөлөө бүхий байр сууринаас төрийн тэргүүний сэнтий хүртэл явсан.

Улс төрч хүн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад дараагийн үедээ зай тавьж өгөх нь улс төрийн соёлын нэг хэсэг. Харин Монголд төрийн өндөр албан тушаал гэдэг нэг л дуусдаггүй, эзэн нь солигддоггүй хувийн өмч шиг ойлгогдох болжээ. Суудлаасаа буусан хүн улс төрөөс холдохын оронд намынхаа жолоог дахин атгаж, нөлөөгөө сэргээж, дараагийн улс төрийн тоглолтоо найруулах гэж зүтгэнэ. Төрийн алба гэдэг ээлжлэн сольж өмсдөг дээл биш шүү дээ. Төрийн тэргүүний албыг хашсан хүн намынхаа дотоод зөрчлийг шийдэхээр буцаж ирэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл биш ч гэлээ хуульд хориглоогүй бүхэн улс төрийн ёс зүйд нийцдэг гэсэн үг бас биш. Улс төрийн зангараг гэдэг эрх мэдлээ хэзээ, хэрхэн тавьж явуулж чаддагаар хэмжигддэг байх.

У.Хүрэлсүх төрийн тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх үеэрээ ‘’эх орон дуудвал хаана ч очно’’ гэж хэлсэн. Үнэхээр эх орон дуудвал хаана ч очиход бэлэн улс төрч юм бол өнөөдөр эх орон өөрөө хариуцлага, ил тод байдал, үнэн зөвийг шаардаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой авлигын гэх мэдээлэл, олон нийтэд дэлгэгдсэн мэдэгдлүүд, үүнийг тойрсон улс төрийн маргаан бол зүгээр нэг намын дотоод хэрүүл биш. Татвар төлөгчдийн мөнгө, төрийн шийдвэр, үндэсний баялагтай холбоотой асуудал. Х.Нямбаатарын гаргасан мэдэгдэлд дурдагдсан авлигын гэх мэдээлэл үнэн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох биз. У.Хүрэлсүх өөрөө ч эдгээр мэдээллийг няцааж, нэр төрөө хуулийн байгууллагаар сэргээлгэх байр суурь илэрхийлсэн. Гэхдээ төрийн тэргүүн байсан хүн өөрийнх нь нэр холбогдсон ийм ноцтой асуудалд улс төрийн нөлөөгөө сэргээхээсээ өмнө бүх эргэлзээг баримтаар тайлах ёстой биш үү? Эх орон дуудна гэдэг заавал албан тушаалд буцаж очихыг хэлдэггүй байх. Заримдаа эх орныхоо төлөө хийж чадах хамгийн том үйл хэрэг нь улс төрийн нөлөөгөө хадгалах гэж зүтгэх бус, харин түүнээсээ ухарч, өөртэй нь холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар хараат бусаар шалгуулах нөхцөлийг бүрдүүлэх явдал ч байж болно. Эх орон гэдэг намынхаа эрх мэдэл, даргын суудал, улс төрийн нөлөөллийн хүрээ биш. Эх орон гэдэг бол өөрөөс нь ч дээгүүр тавигдах ёстой Монголын төр, ард түмний эрх ашиг юм.

Энд нэг зүйлийг хууль зүйн талаас нь тайлбарлах гээд оролдъё. Төрийн нууцтай танилцах эрхтэй байсан албан тушаалтан албан тушаалаасаа буусныхаа дараа ч мэдсэн нууцаа задруулахгүй байх үүрэгтэй. Энэ бол хуулийн шаардлага. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон АН-ын зүгээс Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн намын гишүүнчлэлээ сэргээж, улс төрд эргэн оролцох ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Тэдний энэ байр суурь ямар хуулийн заалтад үндэслэж байгааг тодруулах нь зүйтэй. Юуны өмнө, Ерөнхийлөгч асан хүн зургаан жилийн хугацаанд намын гишүүнчлэлээ сэргээх эрхгүй гэсэн хүчин төгөлдөр хууль одоогоор байхгүй. Харин энэ асуудлыг зохицуулахаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2025 оны есдүгээр сарын 17-нд УИХ-ын цахим хуудсанд байршуулсан байна. Уг төслийн 24.3-т Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн Үндсэн хуульд үнэнч байх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд тодорхой зорилгоос бусад улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах, улс төрийн нам байгуулах, Монгол Улсын дотоодын сонгуульд нэр дэвшихийг хориглох зохицуулалт тусгажээ. Мөн 24.5-д хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаал хашихыг хориглохоор санал болгосон байна. Түүнчлэн 2021 онд боловсруулсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын өөр нэг төслийн 23.1 дэх хэсэгт Ерөнхийлөгч бүрэн эрхээ дуусгавар болгосноос хойш таван жилийн хугацаанд намын гишүүнчлэлээ сэргээх, нам байгуулах, өөр намд элсэхийг хориглох санал тусгаж байжээ. Гэвч энэ нь мөн л батлагдаж, хүчин төгөлдөр болсон хууль биш юм. Тэгэхээр өнөөдөр У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээ сэргээх эрхгүй гэж хуулийн заалтаар хориглох боломжгүй болж байгаа хэрэг. МАН-ын Үндсэн дүрмийн 5.2-т заасан журмын дагуу түдгэлзүүлсэн гишүүнчлэлээ сэргээх хүсэлт гаргах эрх зүйн боломж түүнд бий. Гэхдээ намын гишүүнчлэлээ сэргээх, намын удирдлагад эргэн очих, төрийн албан тушаалд дахин очих гэдэг нь тус тусдаа эрх зүйн асуудал дагуулна. Хууль тогтоогчид Ерөнхийлөгч асны улс төрийн оролцоог хязгаарлах шаардлагатай гэж үзэж байгаа юм бол яагаад энэ зохицуулалтаа өнөөдрийг хүртэл баталж чадаагүй юм бэ? Нэгэнт ийм хязгаарлалт шаардлагатай гэж үзсэн бол хуулиа батлах нь УИХ-ын үүрэг. Хуулийн төсөлд хориг биччихээд, түүнийгээ батлалгүй орхисон атлаа өнөөдөр тэр хоригийг хүчин төгөлдөр мэт ярьж төөрөгдүүлэх нь улс төр биш. Хууль тогтоогчдын хүсэл хууль болдоггүй, УИХ-аар батлагдаж, хүчин төгөлдөр болсон заалт л хууль болдогийг сөрөг хүчнийхэн мэдэж байгаа бол хуулийн төслөө харин одоо зүтгүүлэх хэрэгтэй. Тиймээс У.Хүрэлсүх намын гишүүнчлэлээ сэргээх эсэх нь одоогийн хуулиар боломжтой. Харин тэр боломжийг ашиглах нь улс төрийн хувьд зөв үү, төрийн тэргүүний алба хашсан хүний ёс зүйд нийцэх үү гэдэг бол өөр асуудал юм. Мэдээж хориглосон хууль байхгүй гэдгээр бүхнийг зөвтгөж болохгүй байх. Улс төрчид хуулийн доод хязгаараар бус, өөрсдийн хариуцлага, ёс зүйн дээд хэмжүүрээр өөрийгөө хязгаарлаж сурах цаг болсон.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгасныхаа дараа АН-ын гишүүнчлэлээ сэргээж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон. Тэр жишээ Монголын улс төрд Ерөнхийлөгч асан хүмүүс намдаа эргэн ирж, дахин улс төрийн албан тушаал хаших боломжийг харуулсан. Улс төрчид маань албан тушаалаасаа буухдаа улс төрөөс холдох тухай биш, харин дараагийн ямар суудалд суухаа бодож эхэлдэг энэ гаж тогтолцооноос хэзээ салах вэ? Ерөнхийлөгч болно, дараа нь намынхаа жолоог атгана, тэгээд дахин төрийн өндөр албан тушаал горилно. Ингэж л нэг тойрогт эргэлдэж, эрх мэдлээ бие биеэсээ өвлөн авцгаана. Уг нь улс төр бол үе солигдож, шинэ хүмүүс, шинэ үзэл санаа, шинэ хариуцлагаар баяжиж байх ёстой институц. Гэтэл манайд цөөн хэдэн хүн ээлжлэн сууж, ээлжлэн бууж, төрийг бараг л өөрсдийн өмчилсөн үл хөдлөх хөрөнгө шиг үзэх болжээ. Төрийн алба бол хэн нэгний насан туршийн карьерын шат биш, ард түмний түр хугацаанд итгэмжилсэн хариуцлага гэдгийг хэзээ ойлгох улс вэ?

За тэгээд төрийн ордонд яригдаж байгаа сэдвүүдийг сонсохоос эмгэнэлтэй бас жигшмээр. Монгол төрийн ариун гал голомт болсон өргөөнд авлигын хэрэг, хулгайн хэрэг, албан тушаалын наймаа, хүн амины хэрэгтэй холбоотой дуулиан, нэгнийхээ эсрэг дэлгэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдэгдлүүд, нөгөөгийнхөө эсрэг тавих улс төрийн нүүдэл л хийдэг болж. Төрийн ордон бодлого боловсруулж, улс орны ирээдүйг хэлэлцдэг институц байхаасаа илүү улс төрчдийн бие биеэ намнах хэрүүл, гэмт хэргийн сэжиг, дуулиан шуугианы төв болгочихсон байна. Монгол төрийн ордон хэн нэгний улс төрийн карьерыг аврах сүүлчийн хоргодох газар биш. Тэнд хувийн амбиц, өс хонзон, бүлэглэлийн тохироо бус, улс орны хувь заяа, ард түмний эрх ашиг, төрийн бодлого яригдах учиртай. Гэтэл төрийн ордныг өөрсдийн улс төрийн тооцоо, эрх мэдлийн тэмцлийн талбар болгосоор байвал төрийн институцийн нэр хүнд яах болж байна?

Угтаа бол зүй нь У.Хүрэлсүх, Х.Баттулга гээд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хэн ч төрийн тэргүүн байсныхаа төлөө улс төрөөс насан туршдаа салшгүй байх эрх эдлэхгүй. Өндөр албан тушаал хашсан гэдэг нь дахин дахин эрх мэдэлд хүрэх давуу тал биш, харин ч төрийн өмнө хүлээх хариуцлагыг нь улам өндөрсгөх учиртай юм. Төрийн тэргүүнээр ажилласан хүн бүр улс төрд эргэн гарч ирэх боломжийг бус, төрд зүтгэсэн он жилүүдийнхээ үр дүн, үлдээсэн мөр, хүлээсэн хариуцлагаа бодох ёстой. Монголын улс төрд өнөөдөр шинэ үеийн улс төрчдөд зай гаргах, төрийн институцийг хувь хүний нөлөөнөөс салгах, хууль хяналтын байгууллагын хараат бус байдлыг хамгаалах асуудал хамгийн чухал болоод байна. Эцэст нь хэлэхэд, улс төрөөс нэр төртэй холдож, дараагийн үедээ боломж олгох нь өөрөө том улс төрийн шийдвэр. У.Хүрэлсүх Монголын төрд хангалттай олон жил, хангалттай өндөр алба хашсан. Тиймээс холбогдсон хэргээ хуулийн өмнө шийдүүлж улс төрөөс нэр төртэй, зангаргатай явах хэрэгтэй. Монголд өнөөдөр албан тушаалын төлөө улайран өрсөлддөг улс төр биш, харин эрх мэдлээ цагт нь шилжүүлж, төрийн ажлаас нэр төртэй бууж чаддаг улс төрийн соёл хэрэгтэй байна. Төрийн нэр хүндийг сэргээж, иргэдийн алдсан итгэлийг буцаан авчрах хүмүүс хэрэгтэй байна.

Улс төрд эргэн ирэх боломж хэнд ч байж болох ч боломж байна гээд заавал эргэж ирэх ёстой гэсэн үг ч бас биш. Төрийн тэргүүн явсан бол тэр хэрээрээ хариуцлагаа ухамсарлаж, дараагийн үедээ зай тавьж өгөх ухаан, зангарагтай байх учиртай. Улс төрчийн жинхэнэ сүр хүч сэлэм эргүүлэхэд бус, сэлмээ хуйд нь хийх цагийг мэддэгт оршино.

У.Хүрэлсүх та хангалттай төр барилаа. Төрийн ордон таны дараагийн улс төрийн зогсоол биш. Хаших албаа хашсан бол одоо зайгаа тавь. Улс төрөөс явж чаддаггүй хүнээс улс төрийн соёл, төрийн хариуцлага нэхэх ч утгагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ