Бие биендээ талархал илэрхийлье, улаанбаатарчууд аа

Улаанбаатар хот өнгөрсөн жилийн энэ үед ямар байсныг эргэн санавал нийслэлчүүд өнөөдөртөө талархах нь гарцаагүй биз. Төв талбайдаа хэдэн зуугаараа удаа дараа цуглаж, “Боож үхлээ” хэмээн лоозогнож байв. Харин өнөөдөр Улаанбаатар утаагүй болжээ гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй биз.
Өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 11 цагийн байдлаар Улаанбаатарын агаар хэвийн, бүр зарим хэсэгт цэвэр байгааг та бүхэн хэмжилтээс харж болно. Тухайлбал, Амгалан, Мишээл экспо орчимд агаар ЦЭВЭР байна. Харин өмнөх газар харагдахгүй шахам утаатай байдаг Баянхошуу бага бохирдолтой гэсэн үзүүлэлтийг заалаа. МҮОНРТ-ийн орчим, 100 айл ч агаарын бохирдол бага байна. Нэгдүгээр хороолол, Баруун дөрвөн зам, Монгол газар орчимд агаар хэвийн хэмжээнд байгааг хэмжигч төхөөрөмжүүд илтгэж байна. Энэ бүх үзүүлэлт нь бид амьсгал боогдуулж, нүд хорсгодог утаанаасаа ангижирч байгааг харуулна. Заавал хэмжигч багаж харахгүйгээр бидний нүд ч үүнийг батална.
Тэгэхээр Улаанбаатар хотыг утаагүй болоход гар бие оролцсон бүхэнд талархал илэрхийлье. Түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газарт, энэ шийдвэрийг хэрэгжүүлсэн яамд, нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчдад бүгдэд баярлалаа. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, нойр хоолоо хасан айл бүрээр явж, зуухыг нь галлах аргыг хүртэл заасан хүн бүхэнд талархлаа.
Хамгийн чухал нь төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлсэн нийслэлчүүд та бүхэнд баярлалаа. Сайжруулсан шахмал түлш эрсдэлтэй, олдоц муу, үнэтэй, муухай үнэртэй байсан ч нийслэлчүүд та бид нэгэн зорилгын төлөө хичээж, хэрэглэх арга барилаа олж авлаа. Хүний хамгийн аюулгүй орчин болох гэртээ угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тэр хүмүүсийн төлөөсөөр ийм амжилтадд хүрснээ ухаарч, эргэж буцахгүйгээр урагшилъя. Одоо бидэнд буцах зам үгүй. Нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг завдаж байгаа тэр бэртэгчин бодол, үйлдлээ зогсоож, утаагүй болох нэгэн зорилгын төлөө тууштай хичээе. Улаанбаатарчууд чадсан, бүгдээрээ, нийслэлээрээ бие биендээ халуун баяр хүргэж, талархацгаая. Улаанбаатарчууд утаанаас салж байна. Энэ өөрчлөлтөд төр засгийн тэргүүнээс эхлээд гэр хорооллын энгийн нэгэн иргэний хичээл зүтгэл шингээстэй бий.
Утаатай хотод амьдарч, эрүүл мэндээрээ хохирохыг хэн ч хүсэх ёсгүй. Улс төрийн тоглолт хийдэг сөрөг хүчин ч бай, тэдний гар хөл болсон троллууд ч бай, төсвийн мөнгөнөөс завшихыг хүсдэг шуналтан ч бай. Утааны эсрэг явуулж буй үйл ажиллагаа бүрийг харлуулах учиргүй. Утаа таны, бидний хайртай бүхний эрүүл мэнд, амь насанд заналхийлж, хордуулсаар өчнөөн жил нүүгэлтсэн. Төсвийн 550 тэрбумаар тоологдох хөрөнгийг ч утаатай хамт хийсгэсэн, ямар ч үр дүнгүйгээр шүү дээ. Харин энэ өвөл нийслэлчүүд та бид чадлаа.
Өвлийн сар дөнгөж эхэлж байна хэмээн өөнтөглөх нэгэн гарч ирэх вий. Хэмжигч багаж гадаа -20 хэмийг зааж байхад бид Улаанбаатарыг тойрон хүрээлсэн уулсаа харж болж байгааг нэг анзаараарай.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ