О.Бум-Ялагч: Шинэ үеийн залуучууд босч, нийгмээ авч явах цаг болсон 
2019-11-20

Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай намуудын хамтын ажиллагаа болон 2020 оны сонгуулийн талаар ярилцлаа.

 

 

-Сүүлийн үеийн мэдээллийн хүрээнд яриагаа эхэлье. МАН-ынхан гэр хорооллын газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлэхээр зарлалаа. Энэ боломжтой хувилбар болов уу. Та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Газраа байраар солилоо гэхэд иргэдэд хоёр сонголт гарч ирнэ шүү дээ.  Нэг бол байраа худалдах эсвэл түрээслүүлэх. Ингээд өөр нэг газар гэр барьж амьдраад утаа суунаглуулна. Үүний оронд гэр хорооллын иргэдийг орлоготой болгох, газраараа бизнес хийх  боломжоор хангавал илүү үр дүнтэй. Энэ нь жинхнээсээ иргэдийн амьдралыг сайжруулах алхам болж чадна. Тэрнээс орон сууц барина гэдэг бол эрх мэдэлтэй хүмүүс, хэдхэн компанийн бизнес төдий зүйл.  Яг үүнийг Гэр хороолол хөгжлийн намынхан хэлээд, шүүмжлээд асуудал дэвшүүлээд байгаа. Үүнийг нь би зөв зүйтэй гэж дэмждэг. Жишээ нь  дэлхийн II дайны үед Мюнхен хот бөмбөгдөлтөд өртөж, сүйдсэн. Нурангид дарагдсан айл өрхүүдэд төр нь дэмжлэг үзүүлж, сүйдсэн газар дээр хоёр төрлийн орон сууц барьсан байдаг юм. Иргэд нэгд нь орж амьдарсан. Нөгөөг нь түрээслүүлж, урсгал зардлаа нөхөөд зогсоогүй, тогтмол орлоготой болж, ахуй амьдрал нь сайжирсан. Үүн шиг манай иргэд нэгдэж, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй.  

 

Тухайлбал, арван айл нэгдлээ гэхэд  7 га газар гараад ирнэ. Үүнийхээ  0.1 дээр нь л 100 айлын байшин босгоод өөрсдөө амьдарна.  Үлдсэн газартаа орон сууц бариад  бусдад түрээслүүл л дээ. Бусад худалдаа үйлчилгээний байгууллагуудад үлдсэн газраа худалд, эсвэл түрээслүүл. Ингээд орлоготой болж, ядуурлаас гарах боломж байна.  Ард түмнээ орлоготой болгочихвол нийгмээрээ баяжих, хөгжих  алтан боломж манайд байна. Энэ  гарцыг Гэр хороолол хөгжлийн намын эдийн засгийн боловсролтой залуус ярьж байгаа учраас  бид тус намтай хамтран ажиллахаар ярьж байгаа.

 

-Хамтарч ажиллана гэдгээ тодрхой хэлэхгүй юу?

 

-Цоо шинэ хотыг гэр хороололд барих ёстой. Ингэж байж ашиг орлоготой, ирээдүйн баян чинээлэг нийгэм гэр хорооллоос эхэлж цогцолно. Үүний төлөө бид тэмцэлд нэгдэж байна. Газрыг нь жижиг өрөөтэй байраар солино гэдэг дээрмийн шинжтэй, явцуу хуучинсаг ойлголтыг шинэ цагт таслан зогсооно. Өнөөдөр гэр хороололд иргэдийнх нь оролцоотой, шат дараалсан бүтээн байгуулалтуудыг өрнүүлж байж хорт утааны ард нуугдсан гэр хорооллынхны ядуурлыг бууруулж, амьдрах орчныг нь сайжруулж, улс нийгмээ аварна, өөр арга байхгүй. Гэр хороолол хөгжлийн нам яг л энэ зүйлийг ярьж байгаа. Гэр хороолол хөгжиж байж улс хөгжинө гэж үздэг.  Энэ чиглэлээр намын бодлогоо гаргаад, тулгамдсан асуудлуудыг шийдэхээр тусгасан байна. Гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ярьж байна. Үнэхээр гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулбал улсын төсөв 10 дахин нэмэгдэнэ. Дээрээс нь гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа байгаль экологид ээлтэй, ногоон бодлогыг хослуулах  хэрэгтэй. Энэ чиглэлд манай нам олон аргыг хэрэгжүүлэхээр судалж гаргасан байдаг.  

 

-Ямар  аргууд вэ?

 

-Манай нам цахилгаан эрчим хүчний асуудлыг ярьдаг. Хүний тархи, ертөнцийн нар хоёр ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөх хүч нь юм шүү дээ. Иргэдийн 0.07 га газарт нарны хавтан зоовол 300 хоногт өдөрт 10 цагаар гэж тооцоолбол цагт 30 квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Үүнийг физикийн ухаанаар судалж  тогтоосон.  Сэргээгдэх эрчим хүчний тухай  хуулиар улс нарны эрчим хүчний 1 кВт-ыг 406 төгрөгөөр худалдаж авдаг. Тэгвэл гэр хорооллынхон нэг кВт нарны эрчим хүчээ улсад 150 төгрөгөөр худалд л даа.  Гэр хорооллынхон ингэж орлого бүрдүүлэх боломж байна.  Дээр нь ард иргэдийн нөөцөлсөн эрчим хүчийг худалдаж аваад буцаагаад хэрэглэвэл цахилгаан импортлох шаардлагагүй болно. Цахилгаан импортлоход зарцуулдаг мөнгөө өөр шаардлагатай асуудлуудад зарцуулж, иргэдийн хэрэглээг дэмжээд өгвөл өнөөдөр 2700 төгрөгтэй тэнцэж байгаа ам.долларын ханш 10 жилийн дараа 270 төгрөг болно шүү. Ийм учраас Гэр хороолол хөгжлийн намын гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого манай намын ногоон хөгжлийн бодлоготой уялдаж байгаа юм.

 

-Тэгэхээр сая УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталлаа.  Энэ тал дээр танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Монголд улс төрийн  35 нам бий. Тэдний  13 нь  УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан өөрчлөлтийг дэмжиж байна. Харин 17 нам Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж байсан. Ялангуяа энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэлгүй. Яагаад гэвэл  энэ парламент хууль зөрчсөн.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг тасралтгүй явагдах ёстой байсан. Гэвч энэ хэлэлцүүлэг тун учир дутагдалтай өрнөсөн. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг даруйхан зогсоох ёстой байсан.

 

 

-Танай нам Үндсэн хуулийг өөрчлөх  шаардлагагүй гэж үзэж байна уу?

 

-Манай нам Үндсэн хуульд оруулсан 2000 оны өөрчлөлтүүдийг ч алдаатай гэж үздэг.  Тухайн үед баталсан дордуулсан долоон  өөрчлөлт нь Үндсэн хуулийн Цэц дээр очоод унасан. ҮХЦ-ийн 2000 оны 02 дугаар тогтоолоор долоон өөрчлөлт нь Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн гэж үзсэн юм. Үүнийг нь тухайн үеийн МАХН хүлээж аваад, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгосон юм. Гэхдээ сарын дараа дахиж хуралдаад, өнөө долоон өөрчлөлтөө ҮХЦ-д мэдэгдэхгүйгээр баталсан. ҮХЦ-ийн 2000 оны 02 дугаар сарын тогтоол одоог хүртэл хүчинтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр  мөрдөж байгаа Үндсэн хууль хүчин төгөлдөр бус. Олон улсын байгууллага ч манай улсыг Үндсэн хуулийн хямралд орсныг хэлдэг. Яагаад гэвэл ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ дагаж мөрддөггүй. Хуульд алдаа гаргаж болохгүй. Тиймээс алдаа хийснээ хүлээн зөвшөөрч, дордуулсан долоогоо буцаасны дараа өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэхдээ УИХ-аасаа Үндсэн хуулийн асуудлыг хариуцсан Ардын бага хурлыг байгуулж, шинэ Үндсэн хуулийг ярих ёстой. Тэгээд бүх ард түмний санал асуулга явуулж, дараа нь УИХ-даа саналаа дэвшүүлж, батлуулах хэрэгтэй. Ингэвэл маргаангүй өөрчлөлт болно. Гэвч ийм байдлаар явсангүй шүү дээ.  

 

-Зарим улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ыг тарах ёстой гэж байна. Та аль талд нь байгаа вэ?

 

-УИХ тарах ёстой. Учир нь УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн бус замаар засгийн эрхэнд гарсан нь ойлгомжтой боллоо. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авахыг оролдсон гэж шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт хоёр жилийн ял өгчихлөө. Өнөөдрийн УИХ, Засгийн газар Монгол төрийг мөнгөөр худалдсан байна шүү дээ. Үүнээс өөр ямар нотолгоо хэрэгтэй юм. Энэ бол МАН, АН улс төрийн тавцангаас арчигдаж, шинэ хүчин гарч ирэх цаг болсныг харуулж байна. МАНАН Монголын хувь заяагаар хангалттай тоглолоо, идлээ, уулаа, эрх ямбанд умбалаа. Одоо хангалттай, улсаа хөгжүүлдэг, ард иргэдээ боддог шинэ хүчнүүд гарч ирэх шаардлага тулгарсан түүхэн үе нь ирээд байна.

 

-Тэр шинэ хүчин нь ямар нам юм бэ?

 

-Хулгайч, авлигачдаас бүрдэж, Монголын төрийг 30 жил самууруулсан энэ намуудын дэргэд манай намын нэр цэвэр шүү. Дээрээс нь манай нам Дээд шүүхэд бүртгэлтэй намуудын гуравт бичигддэг. Тийм учраас бүгдийг мөнгөөр шийддэг улс төрийн бохир намуудын эрин үе дууссан, шинэ хүчин гарч ирэх цаг болсныг мэдэрсэн, чин шудрагаар сонгуульд өрсөлдөх хүсэлтэй мөнгөгүй залуучууд манай намд олноороо хандаж байна.  

 

-Өмнөх сонгуулиудад танай нам ихэвчлэн эвсэж, хамтарч орж байсан. Ирэх 2020 оны сонгуульд яах бол?

 

-Манай нам анх байгуулагдсан цагаасаа сонгууль бүрт  эвсч орсон.  1996 онд Ардчилсан эвсэлд орж, төр барилцаж байлаа. 2000 онд Иргэний зориг намтай хамтарч, С.Оюун гишүүнийг УИХ-д гаргаж байсан. 2004 онд Социал демократ хөдөлгөөнийг дэмжиж, сонгуульд орсон. 2008 онд Ж.Батзандан, О.Магнай нарын Иргэний хөдөлгөөний намыг дэмжсэн. 2012 онд Чингис хааны академийг дэмжиж, сонгуульд оруулсан. 2016 онд Г.Уянгын Тусгаар тогтнол-эв нэгдэл намыг дэмжсэн. Ер нь Сонгуулийн тухай хуулиар эвсэл задрахад нэр дэвшсэн хүмүүст өндөр эрсдэл үүсдэг. Сонгууль явагдаж байх үед эвссэн аль нэг нам нь гарлаа гэхэд тухайн эсвэл задардаг хуультай. Тэгэхээр эвслээс нэр дэвшсэн бүх хүний сонгуулийн үйл ажиллагаа зогсдог. Эвсэл болоход ийм эрсдэл байдаг учраас энэ удаад манай нам дангаараа орно гэсэн урьдчилсан шийдвэртэй байна.  

 

-Гэхдээ сая Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна гэчихлээ. Тэгэхээр дор хаяж 20 мянган гишүүнтэй байж сонгуульд оролцох эрх үүсэх болж байх шиг байна. Танай нам хэдэн гишүүнтэй вэ?

 

Манай нам хатуу гишүүнчлэлгүй гэдгийг дээр хэлсэн. Одоогийн байдлаар манай нам 904 гишүүнтэй. Би 2012 онд намын дарга болоод шинэчилсэн бүртгэл явуулсан юм. Ингээд үзэхээр бараг бүх намд гишүүнээр эллсэн, олон намын дунд явдаг хүмүүс байдаг юм байна.  Манай намын цөөнгүй гишүүн АН-ынх. Зарим нь ИЗНН, нөгөө хэсэг нь МАХН-ын гишүүн ч байна.

 

 

Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэгэнт ийм нөхцөл шаардлага үүссэн болохоор сонгуульд яаж оролцох талаар  манай нам ярилцаж шийдвэр гаргана. Ер нь бол өнөөдөр ээлжлэн төр жолоодсон улс төрийн намууд авлига хээл хахуульд идэгдэж, ядарсан ард иргэдээ боддоггүй, зөвхөн эрх мэдэл, эд баялгийн төлөө шунасан улстөрчдийн үүр болчихсон байна. Дээрээс нь өнөөдөр төрд эрэгтэй улстөрчид дийлэнх олонхийг эзэлж байна. Төрд эрэгтэйчүүд давамгайлаад шийдвэр гаргаад эхлэхээр төрийн шийдвэрүүд танхай болдог юм. Ядарсан, зүдэрсэн ард иргэд рүүгээ чиглэсэн эмэгтэй хүний уян бодлого төрд үгүйлэгдэж байна. Тиймээс бид зөв бодолтой, нийгмийн хөгжлөөс хаягдсан, ядарсан иргэд рүүгээ чиглэсэн зөв бодлоготой, нийгэм, улс төрд ёс зүйн шинэ жишиг тогтоох зорилготой намуудтай бодлогын түвшинд хамтран ажиллана.

 

Сүүлийн үед олон ч нам байгуулагдсан байна. Тэдний дунд улс төрийн бохир хүчнүүдийг хуулсан мэт эрх мэдэлд шунасан хий хоосон цээжээ дэлдсэн залуучууд ч байна. Үнэхээр амьдрал ярьж, ядуурлыг бууруулж, нийгмийг, Монголын хөгжлийг шинэ түвшинд гаргаж, өнөөдрийн ялзарсан төрийг ажил хийдэг, ард иргэдээ боддог, бодлого ярьдаг төр рүү шилжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй залуучууд ч байна. Жишээ нь Гэр хороолол хөгжлийн нам, Зүй ёс гэх мэтээр дурдаж болно.   Энэ чиглэлүүдэд бидний бодлого уялдаж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн баян бол улс баян гэдэг шүү дээ. Ийм л үзэл баримтлалаар улсаа хөгжүүлэх хүсэлтэй улс төрийн хүчнүүдтэй хамтарч болно.  Одоо шинэ үеийн залуучууд босч, энэ нийгмээ цэвэршүүлж, улсаа жинхэнэ хөгжил рүү авч явах ёстой. Ийм залуучуудыг би дэмжиж байгаа. Үгүй бол Монгол минь хэдэн авлигач, идэж ууж ханадаггүй улстөрчдийн эрх мэдлийн зодооны хөлд үрэгдэж, тэднийг тэжээсээр байгаад сүйрлээ шүү дээ.

 

-2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам дангаараа орох уу?

 

-УИХ-ын сонгуулийн дараа МАН, АН-аас бусад улс төрийн намуудтай эвсэнэ. Энэ намууд эвсээд дундаасаа хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийдэх байх.

 

-Ер нь танай нам улс орныг хөгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө юу гэж тусгасан байдаг вэ?   

 

-Төрийн данхайсан бүтцийг багасгах нь зөв гэж манай нам үздэг. Тухайлбал, Засгийн газар есөн яамтай болж, бүх томилгоо, төрийн ажил улс төрийн намаас хамааралтай явдаг байдлыг өөрчлөх бодлого баримталдаг. Мөн уул уурхайн баялгаас олох орлогоороо хуримтлалын сан байгуулж, бодлого, дэмжлэг шаардлагатай байгаа нийгмийн асуудлуудад зарцуулж, улсаа, ард иргэдээ тэгш сайхан амьдруулах, ядуурлыг бууруулж, улсаа ногоон хөгжлийн замаар хөгжүүлэх нь манай намын гол зорилго юм.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
одоо энэ авилгач хулгайчдын үр сад бүгд өмч хөрөнгөтэй эзэд болно,ирээдүйн энэ тэнэгүүд бүгд тэдний зарц л болж дуусна ердөө л энэ..,
2019-11-20
иргэн:
үнэн л хэлж,залуус нь амар хялбар амьдрал хайх болсон 3-н саяын инээд гээд ямарч хүнд наалдацгүй залууст бэлэн мөнгө өгч нийгмийг хоосруулсан нэвтрүүлэг мэт байна,гараад л баардана гээд хэнэг ч гүй яриад зогсож байх юм ийм тэнэг байж болох уу
2019-11-20
Иргэн:
Энэ бид хоёрын нам. Намын дарга гэж хаашаа харсан юм байдаг юм
2019-11-20
Монголын минь ирээдүй яана даа:
ЗАЛУУЧУУДАА ХҮМҮҮЖҮҮЛЖ ЧАДААГҮЙ УЧРААС МОНГОЛЫГ АВЧ ЯВАХ ЗАЛУУЧУУД АЛГА. ЗӨВХӨН ҮР МОГОЙНУУД Л БАЙНА
2019-11-20
Зочин:
одоо энэ авилгач хулгайчдын үр сад бүгд өмч хөрөнгөтэй эзэд болно,ирээдүйн энэ тэнэгүүд бүгд тэдний зарц л болж дуусна ердөө л энэ..,
ahmad uud:
duugai bai duh mini chamaar uls orniig udirduulaad yugaa hiij toldoigoo maajih bilee dee aan muu nusan jur mini ehleed ooriigoo hogjvvl ok
2019-11-20