ШУУД: Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томиллоо

13:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчид Б.Лхагвасүрэнг томилохоор хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо.
Б.ЛХАГВАСҮРЭН:
Боловсрол, мэргэжил
1989 он: Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр
1999: АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
Ажлын туршлага
1989-1994: Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
1994-1997: Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
1997-1998: Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
1999-2000: Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
2000-2001: Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
2002: Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
2001-2009: Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
2009-2013: Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
2013-2016: - Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал
- Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
2016 оноос: Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
Б.Лхагвасүрэн: Зээлийн хүү цаашдаа эрчимтэй буурна
12:40 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчид Б.Лхагвасүрэнг томилохоор хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Зарим УИХ-ын гишүүдийн үгийг сонсоод ажиллаж болохгүй. Урдах ажлаа сайн хийх хэрэгтэй. Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэлэлцэх батлахад жадлан эсэргүүцэж байсан хүн бол О.Баасанхүү. Гэтэл өнөөдөр "Монгол Улсыг "саарал жагсаалт"-д орууллаа гээд өдөр бүр хэвлэлийн хурал хийж байна. УИХ-ын гишүүд бол өдөр бүр өөр өөр зүйл ярьдаг шүү.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Бүх иргэд зээлийн барьцаанд орсон байгаа. Тэтгэврийн хүмүүсийн тэтгэврийн дэвтэр хүртэл банкинд байна. Та ажлаа авсны дараагаар ипотекийн зээлийн асуултад эргэлт хийж, хүүг бууруулах боломж байна уу?
Нэр дэвшигч Б.Лхагвасүрэн:
-Стратегийн тухайд бодлогын зардлыг бууруулах чиглэлээр төлөвлөсөн. Ирэх жилүүдэд зээлийн хүү эрчимтэй буурна гэж харж байгаа. Өнөөдрийн тухайд хамгийн доод түвшин буюу 16 хувьд байгаа. Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр Монголбанкнаас ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж санал гаргаж ирнэ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Иргэдийн орлогоор барьцаалж зээл олгодгийг болих хэрэгтэй. НДС-гийн чөлөөлт үлдэгдэл эрсдэлгүй байх ёстой. Энэ талаар хууль санаачилсан. НДС-ийн чөлөөт хөрөнгөөр үнэт цаас худалдах авч, хуримтлал үүсгэдэг болгох хэрэгтэй байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн томилгоог хэлэлцэж байна
12:25 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав.
Хуралдааны эхэнд Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Монголбанкны Ерөнхийлөгчид Б.Лхагвасүрэнг томилох асуудлыг байнгын хороо дэмжсэн юм. УИХ-ын дарга нэр дэвшигчийн танилцуулгыг хийлээ. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ