Букингемийн ордон аялал зохион байгуулагч ажилд авна

img

Британийн хатан хааны гэр бүл аялал төлөвлөх, аяллын зардлаа багасгах, экологийн асуудалд анхаарлаа хандуулахаар шийдсэн талаар ВВС мэдээллээ.

 

Үүнтэй холбоотойгоор Букингемийн ордон хатан хааны гэр бүлийн аяллын зохион байгуулагч ажилд авах зарыг албан ёсны цахим хуудсан дээрээ нийтлэсэн байна.

 

Ордны шинэ ажилтан хатан хааны гэр бүлийнхэнтэй аяллын асуудлаар зөвлөлдөн, экологийн болон санхүүгийн хүчин зүйлсийг тооцоолж, аяллыг төлөвлөх ажлыг хариуцах гэнэ.

 

Тодруулбал, бүхий л нислэгүүдийг зохион байгуулах, хатан хааны нисдэг тэрэгний нислэгт хяналт тавих, төмөр замын тээвэр тэр дундаа хатан хааны галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах ажлыг хариуцах юм байна. Менежер бүхий л аяллууд зархдлын хувьд үр ашигтай, "хүрээлэн буй орчныг хамгаалах болон аюулгүй байдлыг хангасан" эсэхэд хяналт тавих үүрэгтэй гэнэ.

 

Букингемийн ордны мэдээлснээр шинэ ажилтан долоо хоногт 37,5 цаг ажиллах ёстой юм байна. 

 

Шинэ ажлын зар хатан хааны гэр бүлийн гишүүд байгаль орчныг бохирдуулсантай холбоотойгоор шүүмжлэлд өртсний дараа гарсан нь олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар Испани руу хувийн онгоцоор ниссэн. Харин үүнийг байгаль хамгаалагчид шүүмжлэн, энэ онгоц энгийн зорчигч тээврийн онгоцоос илүүтэйгээр агаар мандалд асар их нүүрсхүчлийн хий цацдаг, байгаль орчныг бохирдуулж байна хэмээн буруутгаж байлаа.

 

Дараагийн удаад Меган Маркл АНУ руу явж найзуудтайгаа уулзахын тулд нийтдээ 500 мянга гаруй ам.доллар зарлагадсан гэсэн шүүмжлэл гарч байв. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ