Баяртай, Байгалийн түүхийн музей минь


Монголын Байгалийн Түүхийн Музей 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн. 1953 онд баригдсан тус музейн барилгын ашиглалтын хугацаа дуусаж, ашиглахад аюултай болсон тул тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааагаа зогсоогоод байв. Харин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах шийдвэр гарсны дагуу тун саяхнаас музейн барилгыг нурааж эхэллээ.
Байгалийн түүхийн музейн барилга байгууламж улсад, тэр байтугай дэйлхийд бүртгэлтэй Монгол Улсын соёлын хөдөлшгүй өв гэдгийг хэлж халаглах хүмүүс цөөнгүй байна.
Монгол Улсын гавьяат барилгачин, зөвлөх архитектор Я.Шархүү “Хуучин байсан урлагийн бүтээлийг шинэчлэн барихад түүхэн үнэ цэнэ, мөн чанар нь алдагдана. Түүний оронд хүчитгэн сайжруулах, сэргээн янзлах бүрэн боломж бий. Монголын архитекторуудын эвлэл ч ийм байр суурьтай байгаа. Аль нэг яамны шийдвэрээр, иргэдийн оролцоогүй, эдийн засгийн тооцоогүйгээр шууд нураана гэдэг боломжгүй. Тэдгээрийн орон зайн чимэглэл болсон зураач, урчууд, барималчдын оролцсон үнэтэй барилга байгууламжийг шууд нураана гэдэг боломжгүй. Эдгээр нь Монголын ард түмний өмч шүү дээ” гэсэн юм.
НМХГ-аас 2012 онд УБ хот дахь соёл урлагийн бүх байгууллагуудын барилгуудыг шалгаад УДЭТ, ДБЭТ, Үндэсний номын сан, Байгалийн түүхийн музей, Спортын төв ордон, Цэргийн дуу бүжгийн чуулгын барилгууд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм дүрмийн шаардлагыг хангахгүй байгаа учраас тухайн барилгуудыг бэхэлж хүчитгэх, эсвэл буулгаж шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.
Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулна. Чингис хааны музейн барилга нь 14,570 мкв талбайг хамарсан, долоон давхар баригдах бөгөөд зураг төсөл нь бэлэн болжээ. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.
Баяртай, Байгалийн түүхийн музей минь.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ