"Д.Одбаярын ичгэвтэр үйлдлээс болж БНСУ дахь монголчуудаар тохуурхах болсон
БНСУ-д манай улсын 50 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч, сурч боловсорч байна. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярын тус улсын онгоцны үйлчлэгч бүсгүйн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианаас үүдэн тэнд оршин сууж буй монголчууд ичгэвтэр байдалд орсон. Мөн визний асуудал удаашрах болсон талаар Хүчирхийлэл, ялгаварлал, дарамтын эсрэг нэгдлээс өнөөдөр /2019.12.04/ мэдээлэл хийлээ.

БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны зүгээс Д.Одбаярын энэ ёс зүйгүй үйлдэл нь тус улсад ажиллаж амьдарч буй монголчуудыг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй ажил амьдралд нь бодитой хохирол учруулж буй талаар албан шаардлагыг хүргүүлсэн байна. Эл шаардлагад "Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр нь өнгөрөгч аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатараас Сөүл рүү нисэх үедээ олон нийтийн дунд согтууруулах ундаа хэрэглэж, зохисгүй үйлдэл гаргаж онгоцны үйлчлэгчийн биед халдаж бэлгийн дарамт учруулсан гэх шалтгаанаар БНСУ-д саатуулагдаж, тус улсын цагдаагийн байгууллагад шалгагдаж торгууль төлөөд ирсэн.
Үүнээс улбаалан БНСУ-ыг зорих иргэдийн визний асуудал удааширсан. БНСУ-д амьдарч буй иргэдэд банкны картыг өдөрт нь гаргаж өгдөг байсан бол "Монгол" гэсэн нэрнээс шалтгаалан 3-5 өдрийн дараа олгодог болсон. Мөн Монгол Улсын нэр хүндийг унагааснаар монголчуудтай тохуурхаж, тоомжиргүй харилцах хандлага нэмэгдсэн. "Монгол руу аялах гэж байгаа бол бэлгийн хүчирхийлэлд өртөхөд бэлэн байх ёстой" гэх анхааруулах мэдээ олон нийтийн цахим хэрэгслээр цацагдах болсон" гэдгийг дурджээ.
Гэтэл Д.Одбаяр нь даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалаа үргэлжлүүлэн хашсаар байгаа нь хууль бус, ёс зүйгүй хүний эрхийг үл тоосон үйлдэл гэдгийг тус холбооны зүгээс үзжээ. Иймд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярт дараах гурван шаардлагыг хүргүүлэв. Үүнд:

- Д.Одбаяр өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа огцрох
-Олон улсад Монгол улсын нэр хүндийг гутааж, монголчуудыг ичгэвтэр байдалд оруулсныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйх
- Бэлгийн дарамтлагчдад эрүү болон Зөрчлийн хуулиар хууль зүйн ба ёс зүйн хариуцлага тооцдог болохыг шаарджээ.
Энэхүү шаардлагыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярт албан бичиг хүргүүлэх бөгөөд ээд тайлбар өгөхийг хүсэв.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ