
МУНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Батболд телевизээр хүйсийн тэгш эрхийг үгүйсгэсэн зүйл ярьсныг Иргэний Алъянс төвөөс эрс буруушаасан захидал ирүүлсэн байна.
Шууд телевизийн “Ард түмэнтэй хамт” нэвтрүүлэгт оролцохдоо Батболд “Эмэгтэйчүүд гэртээ байх ёстой, тэд улс төрд оролцох хэрэггүй, тэр нь ч уламжлалд нийцнэ, ер нь жендер мээндэр гэж хөгшин, гадаад нөхөртэй авгай нар их ярьдаг” гэх зэргээр хэлсэн юм. Саяхан болж өнгөрсөн гал тахих ёслолын талаар тавьсан асуултад хариулахдаа энэ бүхнийг ярьжээ.
Үндсэн хуулийн хорин жилийн ойн үеэр улс төрийн намын удирдлага хүний эрх, эрх чөлөөний эсрэг, нас, хүйсээр илтэд ялгаварлан гадуурхсан зүйл ярьсан нь МУНН-д эмэгтэйчүүд, эрх чөлөөг дэмжигч хэн бүхэн битгий саналаа өгөөрэй хэмээн генсек нь өөрөө уриаллаа гэж ойлгон, эрс буруушааж байна хэмээн хатагтай Ж.Занаа хэллээ.
Элий балай зүйл ярьж байхад нь телевизийн хөтлөгч тэгш эрхийн мэдрэмжгүй, Үндсэн хуулиа сануулах чадамжгүй өнгөрүүлсэнд мөн харамсаж буйг Иргэдийн алъянс төвөөс ирүүлсэн захидалд өгүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ