Оросын боксчид 2020 оны Олимпод үндэсний далбаагүйгээр оролцохоос татгалзав

Оросын шигшээ багийн боксчид төрийн далбаагүйгээр Токиод болох Олимпод оролцохоос татгалзсан талаар Оросын Боксын холбооны Ерөнхий нарийн бичиг Умар Кремлев мэдэгдснийг РИА Новости дамжууллаа.
Даваа гаригт WADA Оросыг олон улсын томоохон тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилийн хугацаатайгаар хасах шийдвэр гаргасан бөгөөд допингийн асуудалд нэр нь холбогдоогүй тамирчид төрийн далбаагүйгээр хөндлөнгийн статусаар оролцох болсон юм.
Оросын Допингийн эсрэг агентлагийг дэлхийн допингийн эсрэг хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзсний дээр Орос улсыг дөрвөн жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах, зохион байгуулах эрх авахаар горилохыг хориглосон.
Харин энэ шийдвэрийн хүрээнд Оросын боксчид төрийн далбаагүйгээр Олимпод оролцохоос татгалзсан байна.
"Далбаагүйгээр Олимпийн наадамд оролцохоос үндэсний шигшээ татгалзсан. Манай залуус шүүхэд хандан төрийн далбаан дороо жагсах эрхээ олж авах хүсэлтэй байгаа. Оросын Допингийн эсрэг агентлагийн зүгээс ямар алхам хийхийг харах хэрэгтэй. Гэхдээ бид өөрсдөө ВАДА-ийн шийдвэрийг давж заалдах боломжийг судалж байна. Тамирчид ийм л хүсэлтэй байгаа. Бидний хувьд хамгийн гол нь манай боксчид Оросын төрийн далбаан дор оролцон, төрийн дууллаа эгшиглүүлэх явдал юм. Үүнгүйгээр оролцох нь утгагүй" хэмээн Кремлев мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ