Ханьгүй, дүүгүй ДӨРВӨН жил
Өглөө ажилдаа явахаар гарсан гэргий нь дөрвөн жилийн турш гэртээ эргэж ирээгүй бол эр нөхрийнх нь дотор юу бодогдож явдаг бол...Эр хүн нэг нурж, нөгөө босч л явдаг байхдаа. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон Т.Чимгээгийн ханьтай таарах бүрт ийн бодол төрдөг. Өнөөдөр ч мөн энэ бодол салсангүй.

Т.Чимгээгийн ар гэрийнхэн өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын газарт очиж түүнийг суллах асуудлыг яаравчлах хүсэлтийг хүргүүллээ. Тэд нөхцөл байдал нааштай эргэж хэзээ мөдгүй л эхнэр нь, дүү нь эрх чөлөөтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байна.
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат гэх хижээл насны эр дүүгээ хоригдсон 2015 оноос хойш удаа дараа хэвлэлд хандаж хөлөө хүрэх газраа хөөцөлдсөөр яваа. Тэрбээр “Нөхцөл байдал нааштай тал руугаа болоод ирэхээр дүү маань өнөө, маргаашгүй гарчих байх гээд хүлээгээд байдаг юм байна. Гэтэл хугацаа өнгөрөх тусам сэтгэл санаа нь хямраад байна. Дөрвөн жилийн өмнө л ажилдаа явах гээд гэрээсээ гарсан хүн. Одоо хурдхан гэртээ харихсан гэж бодож байгаа нь мэдээж шүү дээ” гэж ярилаа.
Харин Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Зохиомол хэрэг гэдгийг ард түмэн хангалттай сонсож мэдсэн. Энэ зохиомол хэргээс болж манай гэр бүл маш ихээр хохирч амьдын хагацал үзэж байна. Ээжийгээ хоригдох хугацаанд нэг охин минь автын ослоор хорвоог орхисон бол нэг нь амьд үхдэл аятай л болсон. Энэ хэргийн цорын ганц амьд гэрч нь энэ хүмүүс биш гээд байхад яагаад суллахгүй байгааг гайхаж байна” гэлээ.

Т.Чимгээг 2015 оны наймдугаар сарын 31-нд баривчилсан. Үүнээс хойш дөрвөн жил дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Эхнэрээ эргэхээр очих бүрт уйлж гарч ирдэг. “Хийгээгүй хэрэг болох нь хэзээ нэг цагт илэрнэ. Тэр цагт ханьдаа, үрдээ очно. Удахгүй” хэмээн ярьдаг тухай С.Бямбасүрэн хэлсэн.
Эхнэр эзгүй өдрийг тэр хэрхэн өнгөрүүлж буй талаар “Би Улаанбаатарт хөлсний байраар явж амьдарч явна. Би эхнэртэйгээ өдөр болгон уулзахыг хүсдэг. Эхнэр маань "Намайг эндээс гаргаач, би энд юуны төлөө хоригдож байгаа юм?" гэж уйлдаг. Үнэн ялаасай. Охин минь ээжийнхээ төлөө явж байгаад ослоор амиа алдсан. Энэ мэт амьдралд цөхрөх зүйл өчнөөн байна” хэмээсэн.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүхээс хорих ял оноосон билээ. Сүүлд энэ хэргийг мөрдөн шалгасан тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтнууд эрүүдэн шүүсэн гэх дуулиан дэгдэснээр тун удахгүй суллагдана гэх сураг Т.Чимгээгийн чихэнд хүрчээ. Үүнээс хойш хэзээ мөдгүй суллагдана хэмээн итгэж, баярлаж, түүнээсээ болоод сэтгэл,санаа нь хямрах болсныг гэр бүлийнхэн нь хэлж байна.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ