Хатан хаан II Елизавета Зул сараар 600 гаруй бэлэг бэлддэг

Букингемийн ордны нэрээ нууцалсан нэгэн ажилтан Fabulouse Digital хэвлэлд хатан хаан зул сарын баярт хичнээн тооны бэлэг бэлддэг талаар ярьжээ.
Эх сурвалжийн өгүүлснээр, хатан хаан II Елизавета өвлийн гол баярын өмнө зөвхөн ордонд ажиллаж буй хүмүүст л гэхэд 600 гаруй бэлэг бэлддэг бол энэ жил 620 бэлэг бэлджээ.
Зул сарын бэлэг тараах явц хатан хааны уламжлалын дагуу явагддаг аж. Ордны бүхий л ажилтнууд ёслолын танхимд цуглан, дугаарлан зогсдог гэнэ. Елизавета тэднийг тойрон явж, бүгдэд нь бэлгээ нэг бүрчлэн гардуулж өгдөг байна.
Бэлгээ гардуулахдаа хүн бүрт хандан "Энэ жил таны үзүүлсэн туслалцаанд талархаж байна. Зул сарын мэнд!" хэмээн талархлаа илэрхийлэхийн дээр мэндчилгээ хүргэдэг аж.
Тухайн өдөр аль нэг ажилтан эзгүй байвал түүн рүү бэлгийг нь шуудангаар илгээх бөгөөд бэлэгтэй хамт хатан хааны мэндчилгээ бүхий ил захидлыг илгээдэг юм байна.
Бэлэг нь ихэвчлэн ном, аяга, шаазан авах бэлгийн карт байх бол үүнтэй хамт хайрцганд боосон зул сарын амттан байдаг гэнэ.
Хэдийгээр тун даруухан бэлэг өгдөг ч жил бүр 30 мянга орчим фунт стерлинг буюу 100 гаруй сая төгрөг зарцуулдаг байна.
Ордны ажилтнуудаас гадна хатан хааны офис Ордны шуудан, ордны цагдаагийн газрын ажилтнуудад зориулан 1500 хайрцаг амттан илгээдэг бол хатан хаан жил бүр 750 орчим ил захидлыг найз нөхөд, төрөл төрөгсөд, гадны улс орнуудын төрийн тэргүүнүүдэд нөхрийн хамт гараараа бичин илгээдэг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ