Зэвсгийн худалдаагаар АНУ тэргүүлж байна 

img

Энэ сарын есний өдөр Стокгольмын энх тайвны асуудлын судалгааны олон улсын хүрээлэн зэвсэг болон цэргийн үйлчилгээний дэлхийн зах зээлийн талаарх ээлжит судалгаагаа танилцууллаа. 


Судалгаанаас харахад 2018 оны дүнгээр  батлан хамгаалах салбарын дэлхийн 100 том компанийн зэвсэг болоод цэргийн үйлчилгээний худалдаа 2017 онтой харьцуулахад 4,6 хувиар өссөн байна. 


Мөнгөн дүнгээр илэрхийлвэл топ 100 компанийн борлуулалтын хэмжээ 2018 оны дүнгээр 420 тэрбум ам.долларт хүрчээ. 


Хүрээлэнгийн шинжээчдийн онцолсноор, 2002 онтой харьцуулахад /чухамхүү энэ оноос эхлэн харьцуулалт судалгаа гаргаж эхэлсэн/ 2018 онд дэлхий даяарх зэвсгийн худалдаа 47 хувиар өссөн байна. 


Энд дуулгахад, энэхүү судалгаанд өөрсдийн тайлан мэдээгээ бүтнээр нь нийтэлдэггүй Хятадын цэргийн компаниуд багтаагүй, мөн цэргийн зориулалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн топ 100 компанийг л багтаадаг гэдгийг анхаарах нь зүйтэй. 


Зэвсгийн зах зээл дээрх Америкийн ноёрхол 


Зэвсэг болон цэргийн үйлчилгээний худалдааны зах зээл дээр АНУ ноёлсон хэвээр байна. SIRPI-ийн гаргасан судалгаагаар дэлхийн топ 100 батлан хамгаалахын салбарын компанийн 43 нь АНУ-ынх байгаа юм. АНУ-ын эдгээр 43 компани нийтдээ 2018 оны дүнгээр дэлхий дахины нийт зэвсэг, цэргийн үйлчилгээний худалдааны 59 хувийг эзэлж байгаа аж. 


Жагсаалтад багтсан Америкийн компаниудын зэвсэг, цэргийн үйлчилгээний худалдаа нийт үнийн дүнгээр 246 тэрбум ам.долларт хүрсэн нь 2017 онтой харьцуулахад 7,2 хувиар өссөн дүн юм байна. 


Зэвсгийн борлуулалтын рейтингэд жагсааснаар эхний таван байранд АНУ-ын компаниуд болох Lockheed Martin, Boeing, Northrop Grumman, Raytheon болон General Dynamics нар багтжээ. 


Зөвхөн эдгээр таван компани гэхэд л 2018 онд 148 тэрбум долларын борлуулалт хийсэн буюу цэргийн зориулалтын бүтээгдэхүүн, цэргийн үйлчилгээний дэлхийн 100 том компанийн нийт худалдааны 35 хувийг эзлэж байна. 


Рейтингийг тэргүүлсэн, Америкийн Lockheed Martin компани 2018 онд 47,26 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулсан нь энэхүү жагсаалтад орсон Оросын 10 компанийн нийт борлуулалтаас ч их байгаа юм. Lockheed Martin компани 2018 онд ийнхүү амжилттай ажилласан нь Америкийн агаарын цэргийн хүчнийг тав дахь үеийн F-35  сөнөөгч-бөмбөгдөгчөөр хангах өргөн цар хүрээний хөтөлбөртэй холботой юм. АНУ-ын зэвсэгт хүчин энэ төрлийн 2443 онгоцыг худалдан авахаар төлөвлөсөн бол ойролцоогоор мянга орчим F-35 Lightning II  онгоцыг экспортод гаргахаар төлөвлөжээ. 


Нэмэлт мэдээлэл: 


2018 оны дүнгээр Топ 100 компанийн 80 нь АНУ, Европ  болон Оросын компаниуд байжээ. Үлдсэн 20 компанийн зургаа нь Япон улсынх, Израиль, Энэтхэг, Өмнөд Солонгосынх тус бүр гурав, Туркийн хоёр, Австралийн нэг компаниудаас бүрдэж байна. 

 

Эдгээрээс зэвсгийн худалдаагаа идэвхитэй нэмэгдүүлж байгаа хоёр орон нь Өмнөд Солонгос болон Турк улс юм. Өмнөд Солонгосын тухайд 2018 оны дүнгээр 5,2 тэрбум зэвсэг худалдаалсан нь 2017 онтой харьцуулахад 9,9 хувиар өссөн дүн байллаа. Харин Турк улсын зэвсгийн борлуулалт жилийн дотор 22 хувиар өсч 2,8 тэрбумд хүрчээ.  Энэ нь Туркийн эрх баригчид дотоодын зэвсэгт хүчин, батлан хамгаалахын үйлдвэрлэлээ шинэчлэх төлөвлөгөөтэй холбоотой юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
өмхий зэвсэгийн худалдаагаа зогсоо
2019-12-17