Ирэх сараас Boeing 737 MAX онгоц үйлдвэрлэлтийг зогсооно

Америкийн Боинг корпораци 737 МАХ онгоц үйлдвэрлэлтийг 2020 оны нэгдүгээр сараас зогсоохоор болжээ. Ийм шийдвэрийг тус корпорацийн захирлуудын зөвлөл гаргасан талаар The Wall Street Journal мэдээлсэн байна.
Онгоцны үйлдвэрлэлтийг зогсоохтой холбоотойгоор үйлдвэрийн ажилтнуудыг цомхотгох шийдвэр гараагүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Боинг корпораци сүүлийн үед сард 40 онгоц үйлдвэрлэсэн бөгөөд 400 онгоц нөөцөнд байгаа ч эдгээр онгоцыг худалдан авах хүсэлт ирээгүй аж.
Боинг 737 МАХ онгоц ийнхүү эрэлтгүй болсон нь энэ төрлийн онгоцны цуврал сүйрэлтэй холбоотой юм. Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопийн агаарын тээврийн компанийн Боинг 737 Мах онгоц сүйрч, 157 хүн амиа алдсан бол үүнээс хэдхэн сарын өмнө, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Индонезид мөн энэ төрлийн онгоц сүйрсний улмаас 189 хүн амиа алдсан.
Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь онгоцны удирдлагын системд алдаа гарсны улмаас сүйрэл болсон гэдгийг Боинг компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байв. Үүний дараа Орос, АНУ, Европын орнууд аюулгүй байдлын үүднээс 737 МАХ цувралын онгоцуудыг ашиглахаас татгалзсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ