Б.Амархүүгийн хэргийг прокурорт буцаасан ШАЛТГААН


Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагын шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шүүгдэгч Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Гэвч Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргаад байна.
Магадлалын үндэслэл: Б.Амархүүд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянаж үзэхэд:
-Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн
-Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй
-Нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй
-Хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон байна.
Эдгээр үндэслэлүүдтэй уялдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хугацаанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Б.Амархүүг гэм буруутай эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ