Эверест рүү авирах журмыг өөрчилнө

Балба улсын Засгийн газар Эверест рүү авирах уулчдад зөвшөөрөл олгох журмыг өөрчлөх санал оруулсан талаар Regnum агентлаг мэдээллээ.
Журмыг өөрчлөх болсон нь 2019 онд олон хүн оргил руу авирах үедээ амиа алдсантай холбоотой юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, журманд өөрчлөлт орвол Эверест рүү авирах уулчдаас Балбын 6500 метрийн өндөртэй дор хаяж нэг оргил руу авирсныг батлах баталгаа, мөн эрүүл мэндийн магадлагаа шаардах аж.
Засгийн газрын энэхүү саналыг парламент дэмжин, хуулийн статустай болвол дэлхийн хамгийн өндөр оргил руу авирах аяллыг зохион байгуулдаг хөтчид тавигдах шаардлага ч өндөрсөх аж.
Энд дуулгахад, 2019 оны хаврын улирлаар Эверестийн оргилд гарах болон буух замдаа амиа алдсан хүний тоо 11-д хүрсэн юм.
Энэ онд уулчид олноор амиа алдсан нь цаг уурын хүнд нөхцөл болон чиглэлд "түгжрэл" үүссэнээс үүдэлтэй гэж Балбын хэвлэлүүд бичиж байв. Хэдийгээр 11 уулчин амиа алдсан ч Балбын засгийн газар Эверест рүү гарах уулчдад өгөх зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй гэж мэдэгдэж байсан юм.
Эверест уул нь Гималайн нуруунд байрлах бөгөөд дэлхийн хамгийн өндөр оргилд тооцогддог. Түүний өндөр нь далайн түвшнээс дээш 8848 метр юм. Албан ёсны мэдээллээр энэ онд ууланд авирах улирал эхэлснээс хойш Гималайн нурууны 8000 метрээс дээш өндөрт авирах үедээ 21 хүн амиа алджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ