Австрали дүрвэгсдийн урсгалыг хязгаарлахаар хуурамч зурхай "зохиожээ"

Австралийн Дотоод хэргийн яам тус улсыг зорьж байгаа хууль бус дүрвэгсдийн урсгалыг хязгаарлахын тулд заль хэрэглэн, хуурамч зурхай зохион хэвлүүлжээ.
Хуурамч зурхайг Австралийг олноор зорьдог Шри-Ланкийн оршин суугчдын дунд тараах гэнэ. The Guardian сонины мэдээлснээр хуурамч зурхайд Австрали руу хууль бусаар нэвтрэхээр оролдвол гэр бүлд нь таагүй асуудал тохиож, насан эцэслэтлээ өртэй байна гэх зэргээр таагүй зөгнөлүүдийг оруулсан байна.
Энэ зальжин арга нь зурхайд хэт их итгэдэг, зурхай харахгүйгээр гэрлэж, ажил хайдаггүй Шри-Ланкийн оршин суугчдад зориулсан гэнэ.
Түүнчлэн зурхайг хэвлэсэн зурагт хуудас дээр "Шри-Ланкийн нэгэн оршин суугч Австрали руу хууль бусаар нэвтрээд дөрвөн жил өнгөрч байна. Энэ хугацаанд Шри-Ланкийн 160 оршин суугчийг нутагт нь буцаажээ " гэсэн анхааруулга байх аж.
Орд тус бүрээр хуурамч зурхай зохиосон бөгөөд тухайлбал Хонины ордны зурхайд "Та завиар Австрали руу хууль бусаар нэвтрэхийг оролдвол хууль бус зуучлагчид бүх мөнгийг тань авч, та Шри-Ланк руу гар хоосон буцна", Үхрийн ордны зурхайд "Та Австрали руу хууль бусаар зорчвол таныг албадан буцаахын дээр нутагтаа ирээд бусдын доромжлолыг амсана" гэх зэргээр бүх орд дээр хууль бус цагаачлал азгүйтэл, өр шир, өвчин зовлон дуудна гэж "зөгнөжээ".
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ