Путины хэвлэлийн хурал: WADA-ийн шийдвэр улс төрийн өнгө аястай

img

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр өргөн цар хүрээтэй хэвлэлийн хурал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хэвлэлийн хурал оролцогчдынхоо тоогоор дээд амжилт тогтоосон бөгөөд 1895 сэтгүүлч хуралд оролцохоор бүртгүүлжээ. 


Хэвлэлийн хурал 12 дугаар сарын 19-ний үд дунд эхэлж, 4 цаг 18 минут үргэлжилсэн байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид тусгаар интернет, тэтгэврийн хуулийн өөрчлөлт, улс орны эдийн засаг, гадаад харилцаа гээд олон асуулт тавьж хариулт авснаас олон улстай холбоотой гол асуулт хариултыг товчлон хүргэж байна. 


Цаг уурын өөрчлөлт болон Парисын хэлэлцээрийн тухай 


Хэвлэлийн бага хурлын үеэр Владимир Путинд тавьсан анхны асуулт нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой байлаа. “Маяк” радиогийн сэтгүүлч цаг уурын өөрчлөлт Орост ямар хохирол авчрах талаар мөн Цаг уурын Парисын хэлэлцээрийн талаар сонирхсон байна. 


“НҮБ-ын мэдээлснээр хүлэмжийн хийн хаягдлаар АНУ дэлхийд нэгдүгээрт, хоёрдугаарт Хятад, араас нь Европын орнууд, дөрөвдүгээрт Орос улс орж байгаа” хэмээн Путин өгүүлжээ. 


Мөн цаг уур өөрчлөгдөх шалтгааныг хэн ч мэдэхгүй байгаа гэдгийг Оросын төрийн тэргүүн онцолсон байна. Түүний өгүүлснээр Орос дахь температурын өсөлтийн хэмнэл дэлхийн дунджаас 2,5 дахин их байгаа гэнэ. 


“Бид цаг уурын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгааг тооцоолоход тун төвөгтэй. Гэлээ гээд юу ч хийхгүй байж болохгүй. Цаг уур эмгэнэлтэйгээр өөрчлөгдөхгүйн төлөө бид бүхий л хүчин чармайлтаа дайчлах ёстой” хэмээн Путин мэдэгджээ. 


Оросыг Олимпоос хассан тухай 


Дэлхийн допингийн эсрэг агентлаг Оросыг дөрвөн жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй гэж шийдвэрлэсэн нь шударга бус хэрэг хэмээн Путин мэдэгджээ. Түүний өгүүлснээр, аливаа шийтгэл тухайн хүндээ чиглэсэн байх ёстой болохоос биш буруугүй тамирчдыг давхар шийтгэж болохгүй гэнэ. 


“ВАДА-ийн шийдвэр Олимпийн харттай зөрчилдөж байна. Тухайлсан хүмүүстэй л учраа олох ёстой. Оросын спорт цэвэр байхын төлөө бид бүгдийг хийж байгаа. Агентлагийн гаргасан шийдвэр улс төрийн өнгө аястай” хэмээн Путин мэдэгджээ. 


Мөн Оросын уран гулгалтын тамирчид дэлхийд дөрвөлсөн үсрэлт хийдэг цорын ганц тамирчид, тиймдээ ч өрсөлдөөнөөс Оросын тамирчдыг зайлуулахыг хүссэн байж болзошгүй гэж Путин өгүүлсэн байна. 


Украин болон Минскийн хэлэлцээрийн тухай 


Хэвлэлийн бага хурлын үеэр “Нормандын дөрвөл”-ийн ирээдүй, Минск дэх уулзалтын талаар, мөн Владимир Зеленский тухай ямар бодолтой явдгийг асуулаа. 


Харин Владимир Путин бусад улс төрчдийг үнэлж дүгнэх нь зохисгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн огцорсон улс төрчдийн үйл ажиллагааны талаар ч үнэлэлт дүгнэлт өгдөггүй хэмээн онцоллоо. 


“Мэдээж Парисаас явсныхаа дараа Зеленский Минскийн хэлэлцээрийг эргэн харах хэрэгтэй гэж мэдэгдсэн нь миний санааг зовоосон. Минскийн хэлэлцээрийг эргэн харах ажиллагаа эхлэх л юм бол өнөөгийн нөхцөл байдал бүрэн мухардалд орно” хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн импичмент болон хоригийн талаар 


АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимаас эхлүүлсэн Трампын импичментийг зарлах ажиллагааны талаар Владимир Путин байр сууриа илэрхийллээ. 


Сенат Трампын импичментийг зарлах шийдвэрийг дэмжинэ гэдэгт эргэлж байгаагаа Оросын Ерөнхийлөгч илэрхийлсэн байна. 


“Энэ бол ердөө л дотоод улс төрийн тэмцлийн үргэлжлэл. Ялагдсан нам нь Трампыг төрөл бүрээр буруутагж байна. Мэдээж энэ бүгд нь олон улсын харилцаанд нөлөөлнө. Сайн зүйл огт байхгүй” гэж Путин цохон тэмдэглэлээ. 

 

Мөн Оросын эсрэг тавьсан АНУ-ын хориг арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. 


“Шаардлагатай бол бид хариу болгон ижил арга хэмжээ авна. АНУ хориг тавихын оронд Украинд мөнгө өгсөн бол илүү сайн байсан юм” хэмээн Путин цохон тэмдэглэв. 

 

Хиймэл оюун ухааны салбарын хөгжлийн тухай 


Оросын хиймэл оюун ухааны ололтуудыг энгийн иргэд банкны салбараас харж болно гэж Путин өгүүллээ. 


“Өөр илэрхий харагдах салбарууд ч байна. Тухайлбал нисэгчгүй нисэх төхөөрөмж. Энэ төхөөрөмж өдөр тутмын амьдралд хэрэглэгдэхгүй байгаа нь үнэн, гэхдээ энэ бол хөгжилд нэн шаардлагатай эхний алхам” хэмээн Путин өгүүлээд орчин үеийн технологигүйгээр Оросын асар том газар нутгийг удирдан чиглүүлэх боломжгүй хэмээн цохон тэмдэглэжээ. 

 

Тусгаар интернетийн тухай 

Путин сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ тусгаар интернетийн тухай хуулийг тайлбарлалаа. Түүний өгүүлснээр интернетийн тогтвортой байдлын тухай хууль нь интернетийг хаах биш, харин Оросыг түүнээс салгах боломжийг олгохгүй байх зорилготой гэнэ. 


Тодруулбал дотооддоо хязгаарлалт хийх биш харин гаднаас Орос улсыг сүлжээнээс салгахаас хамгаалах тухай асуудал яригдаж байгааг Путин цохон тэмдэглэсэн юм. 


Ерөнхийлөгчөөр ажиллах үеийн хамгийн таагүй үйл явдлуудын тухай 


Түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалд байх үеийн хамгийн  таагүй үйл явдлууд нь Беслан болон Норд-Ост дахь алан хядах ажиллагаанууд байсан гэж Путин өгүүлээд энэ бүхнийг хэзээ ч мартаж чадахгүй гэв. 
Түүнчлэн ядууралтай холбоотой асуудал өнөөг хүртэл бүрэн шийдвэрлэгдээгүй нь түүнийг улс орныг 20 жил удирдах хугацааны гунигтай хэсэг хэмээн онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ