911 рүү залгаж, "пицца захиалан" ээжийгээ аварчээ

img

 

АНУ-ын Охайо мужийн Орегон хотын эмэгтэй ээжийгээ согтуу эрийн хүчирхийллээс хэрхэн аварсан түүхийг ВВС дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ээжийнх нь найз согтуу, ууртай орж ирэхэд охин нь аврах алба руу залгахаас аргагүй болсон гэнэ. Өмнө нь ээжийг нь нэг бус удаа зодож байгааг харсан ч цагдаа дуудах боломжгүй байжээ. 

 

Тиймээс 911 рүү залган хаягаа хэд дахин хэлж "пицца захиалсан" байна. Өнгөрсөн сард гарсан энэ хэрэг саяхан олон нийтэд ил болсон байна. 

 

Америкт олон нийтийн сүлжээгээр аюултай байдалд орсон нөхцөлд хэрхэн нууцаар цагдаа дуудах талаарх нийтлэлүүд ихээхэн явдаг бөгөөд хамгийн гол нь "пепперони" гэх нууц үгийг хэлэх ёстой гэж онцолсон байдаг аж.  Энэ зөвлөгөө тусаа өгсөн анхны тохиолдол нь энэ гэнэ.

 

Аврах алба руу залгаж пицца захиалах нь ердөө л ам дамжсан цуу яриа ийм зүйл хийж огт хэрэггүй гэж Амеркийн хууль сахиулах байгууллагууд олон нийтийн хэвлэлүүдээр дамжуулан ухуулга сурталчилгаа хийж байжээ.

 

Гэвч дээрх тохиолдлоор диспетчер дуудлагыг хүлээн авч, хүчирхийлэгчийг баривчилснаар цагдаагийнхан бодлоо өөрчилсөн хэмээн ВВС мэдээлсэн байна.

 

Цагдаагийнхан охины арга, диспетчер Тим Тенейкийн чадварыг ихээхэн үнэлжээ.

 

"Би энэ талаар Фейсбүүкээс уншиж байсан ч сургалтын үеэр бидэнд ийм тохиолдол гарна гэж огт ярьж байгаагүй. Өөр диспетчерүүдтэй болсон явдлын талаар ярихад тэд дуудлагыг зүгээр л тасалчих байсан гэж хэлсэн" хэмээн диспетчер өгүүлжээ. 

 

911 рүү залгасан ярианы бичлэг 

Диспетчер Тенейк: Орегон ес нэг нэг.

Эмэгтэй: Би ............... хаягаар пицца захиалах гэсэн юм.

Диспетчер Тенейк : Та 911 рүү пицца захиалах гэж утасдаж байгаа юм уу??

Эмэгтэй: Тийм ээ, хаалганы дугаар ...

Диспетчер Тенейк: Та дугаар андуурчээ, эндээс пицца захиалдаггүй юм 

Эмэгтэй: Үгүй ээ, үгүй. Та намайг ойлгохгүй байна. 

Диспетчер Тенейк: Одоо ойлгож байна. 

 

Ингээд диспетчер хөтлөсөн асуултууд тавьж, эмэгтэй товчоор хариулж, үүссэн нөхцөл байдлын талаар ойлгуулжээ. 

Диспетчер Тенейк: Тэр хүн одоо хүртэл байна уу? 

Эмэгтэй: Тийм ээ, надад том пицца хэрэгтэй. 

Диспетчер Тенейк: За, эмч нар явуулах уу? 

Эмэгтэй: Үгүй ээ, пепперонитойг.

 

Улмаар нөхцөл байдлыг ойлгосон диспетчер цагдаагийн эргүүл рүү шуурхай дуудлага өгсөн бөгөөд заасан хаягаар очихдоо дуут болон гэрэлт дохиогоо унтрааж очихыг сануулжээ.

 

"911 рүү пицца захиалах" санаа хэрхэн үүссэн бэ?

 

Энэ санаа анх хэрхэн үүссэн нь тодорхойгүй. Харн үүнтэй тун төстэй зохиолыг  2010 онд "Эмэгтэйчүүдийн орогнол" Норвегийн холбооны мэдээллийн кампанит ажилд ашиглаж  байжээ.

 

Харин 2014 оны тавдугаар сард Reddit цахим форум дээр өөрийгөө аврах албаны диспетчер хэмээсэн нэгэн хэрэглэгч пицца захиалах нэрийдлээр хүчирхийллийн золиос эмэгтэй холбогдсон талаар бичиж байв. "Анхандаа энэ нь наргиан мэт санагдсан ч үнэндээ бүх зүйл ноцтой байсан" хэмээн тэрбээр бичсэн байна. 

 

Энэ постны талаар хэвлэл мэдээллүүд олноор нийтэлж, 2015 онд Амеркийн телевизүүдээр дээрх диспетчер болон эмэгтэйн харилцан яриагаар хийсэн, ахуйн хүчирхийллийн сэдэвт нийгмийн сурталчилгаа үзүүлж байв. 

 

Сурталчилгааны төгсгөлд "Та ярихад хэцүү байгаа бол бид таныг сонсоно" гэсэн өгүүлбэр гарах аж. 

 

Энэ сэдэв олон нийтийн сүлжээ, Фейсбүүкээр ч тархаж, Америкийн аврах албаныхан энэ төрлийн дуудлага хүлээн авах тусгай бэлтгэлтэй байдаг гэсэн ташаа мэдээлэл хөвөрч байжээ.

 

Харин үүний араас мэдээллийг албан ёсоор няцаасан юм. Онцгой тусламжийн үндэсний холбооны диспетчерийн албаны захирал Кристофер Карвер  Ассошэйтед Пресс агентлагт ярилцлага өгөхдөө ямар ч сургалт явагддаггүй, диспетчерүүдэд тусгай код эсвэл далд утга бүхий мэдээллийг ялгах сургалт ордоггүй хэмээн онцолсон юм.

 

" Аль ч хотод 911 албаныхан ойлгож мэдэх "нууц үг"-нд сохроор итгэнэ гэдэг маш аюултай" хэмээн тэрбээр мэдэгдээд харин аврах алба руу залгаж пиццаны талаар ярихын оронд 911 дугаар руу текстэн мэдээлэл илгээх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ