2019 оны 19 САЙН мэдээ

Хүмүүс ихэвчлэн муу мэдээнд анхаарлаа хандуулж, тэдгээрийг илүү сайн санадаг гэсэн судалгаа бий. Судлаачдын тайлбарласнаар хүмүүс хувьслын явцад аливаа боломжит аюул заналыг тооцоолохоор "программчлагдсан" байдагтай холбоотой гэнэ. Хэдийгээр бид өнөөдөр аюул багатай нөхцөлд амьдарч байгаа ч өвөг дээдсийнхээ адилаар "аюулаас болгоомжлон", эргэн тойронд бүх зүйл муу байгаа мэтээр сэтгэх нь олонтаа гэнэ.
Гэхдээ дэлхий даяар тэр чигтээ үргэлж муу байна гэж хэзээ ч байхгүй, олон таатай үйл явдлууд цаг мөч бүр тохиосоор байна. Тиймдээ ч энэ оны 19 сайн мэдээг AdMe.ru цахим хуудас түүвэрлэснийг орчуулан хүргэж байна.
- Нидерландад 316 автобусны буудлын дээврүүд дээр зөгий тоос хүртэхэд нь зориулан тусгайлан цэцэг тарьжээ.
- Өнгөрсөн зууны 50-аад онд мөхлийн ирмэгт байгаа хэмээн тооцогдож байсан бөгтөр халимны тоо толгой бүрэн сэргэж, өмнө нь ердөө 450 байсан бол энэ он 25 мянгад хүрчээ.
- Манай гариг 20 жилийн өмнөхөөс илүү ногоон болсныг НАСА-ийн хиймэл дагуулуудын зураг харуулсан байна.
- АНУ-ын Vet Friends Foundation төрийн бус байгууллага хөгшин, гудамжны нохдыг олж, ганцаараа амьдардаг ахмад дайчдад үрчлүүлдэг бөгөөд харин нохдын эмнэлгийн зардлыг энэ сан бүхэлд нь хариуцдаг аж.
- Норвегийн эрх баригчид 60 тэрбум ам.долларын газрын тосны нөөц бүхий Лофотенийн арлууд дээр газрын тосны цооног өрөмдөхөөс татгалзжээ. Энэ шийдвэр нь нутгийн экосистемийг хамгаалахтай холбоотой аж.
- Өмнөд Солонгост 65-аас дээш насныханд зориулан өдрийн цагаар диско үдэшлэг зохион байгуулдаг бөгөөд ингэснээр тэд ганцаардлыг давахад тусалдаг гэнэ
- Африкийн цөлжилтийг зогсоох зорилготой "Агуу ногоон хана" бүтээн байгуулалтын ажилд Африкийн 20 орон оролцож байна. Энэ төслийн хүрээнд хэдийнэ 32 сая га газрыг нөхөн сэргээжээ. Ажил дууссаны дараа найман мянган км үргэлжлэх, 100 сая га газар бүхий мод, ургамлаас бүрдсэн хана бий болох бөгөөд сансраас ч харагдах гэнэ.
- Өмнөд Африкийн Малави улсын Деза мужийн удирдагч эмэгтэй Тереза Качиндамото 3500 хүүхдийн гэрлэлтийг цуцлуулан, охидыг эргүүлэн сургуульд нь оруулж чаджээ. Тэрбээр 900 мянга гаруй хүн удирддаг бөгөөд хүүхдийн гэрлэлтийг цуцлуулах, охид хөвгүүдийг боловсрол эзэмшүүлэх тал дээр шийдэмгий арга хэмжээ авдгаараа дэлхий дахинаа алдаршсан байна.
- Ром хотноо хуванцар саваар метроны хөлс төлөх боломжтой болсон. Тодруулбал нэг удаа зорчиход 30 ширхэг сав шаардлагатай бөгөөд энэ хөтөлбөр эхэлснээс хойш ердөө нэг сарын дотор 100 мянган хуванцар сав цугларчээ.
- Энэ жил Европын парламент хуванцараар хийсэн нэг удаагийн хэрэглээний эд зүйл худалдах, үйлдвэрлэхийг хориглосон нэмэлтийг Европын холбооны хуулинд оруулсан юм.
- ОХУ-д онгоц шувуутай мөргөлдөсний улмаас онгоцны хоёр хөдөлгүүр доголдсон ч Дамир Юсупов болон Георгий Мурзин гэсэн хоёр нисгэгч онгоцыг эрдэнэшишийн талбайд осолгүй буулгаж чадсан. Ингэснээр тэд онгоцоор зорчиж явсан 233 хүнийг бүгдийг нь эсэн мэнд газардуулсан юм.
- Энэ онд Голланд улс золбин нохойгүй анхны улс болсноо зарлав.
- АНУ-ын Калифорни мужид ангийн үсээр хийсэн эдлэл худалдах, худалдан авахыг хориглосон заалт бүхий амьтадтай хэрцгий хандахын эсрэг хууль батлагджээ.
- Коста-Рикагийн Засгийн газар зэрлэг ан амьтантай селфи хийхийг хориглосон кампанит ажил өрнүүлэв.
- Амстердамд нэгэн өвөрмөц аялал ихээхэн алдартай болсон байна. Жуулчид дурсгалт газрыг үзэж сонирхох төдийгүй уснаас хог шүүрдэн гаргах бөгөөд энэ сонирхолтой аяллын хүрээнд хэдийнэ 146 мянган хуванцар сав цуглуулжээ.
- Энэ онд Анагаахын салбарын Нобелийн шагналыг организмын эдүүд хүчилтөрөгчийн тоонд хариу урвал үзүүлдгийг судалсан судалгаанд гардуулсан юм. Энэ нь хавдар судлалд томоохон эргэлт гарч байгааг илэрхийлэх бөгөөд бүх биенд нөлөөлдөг химийн эмчилгээний оронд гагцхүү хавдрын эдүүдэд үйлчлэх боломжтой болж байгаа аж.
- Эрдэмтэд муурны шинэ төрлийн хоол зохион бүтээсэн байна. Энэ хоолыг идснээр муурнууд хүнд харшил үүсгэхгүй болох гэнэ.
- 2019 онд дэлхийн 40 орон зэрлэг амьтдыг циркэд ашиглахыг хориглов.
- Британийн барилгачин Стив Томпсон үндэсний сугалаанаас 135 сая ам.доллар хожжээ. Ийнхүү асар их хөрөнгийн эзэн болсон тэрбээр ажлаа орхиогүй, харин үйлчлүүлэгчиддээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх болсон гэнэ. Өөрт нь төлөх мөнгөөр зул сарын бэлэг аваасай гэж хүсч байгаагаа тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ