Баярын уур амьсгал төрүүлэх 9 КИНО

Он солигдоход цөөхөн хоног үлдлээ. Гэхдээ өнөө хэр нь баярын уур амьсгалтай болж чадаагүй бол дараах кинонуудыг үзээд баяртаа бэлдээрэй.
1. Зул сарын түүх
Бүх насаа мөнгө олоход л зориулсан ноён Скружийн тухай сургамжит түүхийг өгүүлэх энэ кино баярын өдрүүдэд дэлхийн олон оронд гардаг бөгөөд хамгийн алдартай Зул сарын кинонуудын нэг. Хайр дурлал, баяр баясгалан, нөхөрлөлийг үл тоох Скружийн амьдрал зул сарын баярын шөнө орвонгоороо өөрчилөгдөнө. Энэ киног Чарльз Диккенсийн “Зул сарын дуунууд” туужаас сэдэвлэн 2009 онд бүтээжээ
2. Хойд туйлын аялал
Энэ анимэйшн кинонд Санта-Клаусд итгэдэггүй хүүгийн адал явдлыг өгүүлнэ. Зул сарын баярын өмнө тэрбээр бусад хүүхдүүдийн хамт шидэт галт тэргэнд орох бөгөөд Хойд туйл руу Санта-Клаусынд зочлохоор аялалд гардаг. Гайхамшигт итгэх хэрэгтэйг харуулсан энэ кино хүүхдүүдтэйгээ үзэхэд нэн тохиромжтой.
3. Жавар өвгөн
1964 онд бүтээгдсэн энэ үлгэрийн киног 30-аас дээш насныхан илүүтэй мэдэх байх. Аав, хойд эх, түүний хоёр охинтой хамт амьдрах Настенькаг хойд эх нь тэсгим өвлийн хүйтэнд ойд орхино. Харин тэнд охин өвлийн шидтэн Жавар өвгөнтэй тааралдана.
4. Харри Поттерын цувралууд
Шинэ жилийн баярын өдрүүдэд хүн бүр л багахан ч атугай ид шидийг хүсдэг. Хүүхэдтэйгээ хамтдаа суун, түүнтэй ид шидийн гайхамшгийн талаар ярилцах олон кинонуудын нэг нь залуу шидтэн Харри Поттерын түүхүүд. Британийн зохиолч Жоан Роулингийн номоор бүтээсэн цуврал кино дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болсны дээр энэ түүхийг бичих хүртлээ хэнд ч анзаарагддаггүй байсан Жоан Роулинг Харри Поттерын түүхүүдийн ачаар дэлхий даяар алдартай болсон юм. Түүний алдар хүндийг дагаад ашиг орлого нь ч эрс нэмэгдэж, дэлхийн хамгийн чинээлэг зохиолчдын тоонд багтсан юм.
5. Гэртээ ганцаараа-1,2
Шинэ жилийн үеэр заавал үзэх, хамгийн уйдамгийн кинонуудын нэг “Гэртээ ганцаараа”. Маккаллистерын өнөр гэр бүл Зул сарын аялалд гарахдаа найман настай Кевин хүүгээ гэрт нь мартчихна. Гэртээ ганцаараа байх үедээ хүү хулгайчидтай нүүр тулах бөгөөд эндээс л бүх адал явдал эхэлнэ. 1990 онд бүтээгдсэн энэ кино асар их орлого олсон бөгөөд Оскарын хоёр шагналыг гардаж байв.
Үүний араас үргэлжлүүлэн үзэх кино нь мэдээж “Гэртээ ганцаараа -2”. Энэ удаад Кевин гэртээ ганцаараа үлдэхгүй ч өөр онгоцонд суун, гэрийнхнээсээ өөр хотод оччихно. Харин тэнд “хуучны танилууд” болох дээрэмчидтэй таарч, сайхан сэтгэлт дэлгүүрийн эзний өмчийг хамгаалж олон адал явдалтай учирна. 1992 онд бүтээгдсэн "Гэртээ ганцаараа-2: Нью-Йоркод ганцаараа" кино нь "Гэртээ ганцаараа" киноны үргэлжлэл бөгөөд кино урлагийн сонгодог бүтээл болсон гэж шүүмжлэгчид үздэг.
Энэ киног жил бүр шинэ жилийн болон зул сарын баярын үеэр олон орны төв телевизүүдээр үзүүлдэг уламжлал өнөө хэр тасраагүй байна.
"Гэртээ ганцаараа-2" кино 1992 онд хамгийн их ашиг орлого олсон кинонуудын хоёрдугаарт жагссан бөгөөд 20 сая долларын төсвөөр бүтэж, АНУ-д 137 сая ам.доллар, дэлхий даяар 359 сая ам.долларын орлого олжээ.
7. Гринч Зул сарыг хулгайлсан нь
Өндөр уулан дээр нохойтогоо хоёулахнаа амьдрах ногоон өнгөт Гринчийг хотын иргэд үргэлж шоолно. Үүнд нь хорссон Гринч нэгэн удаа оршин суугчдаас Зул сарын баярыг хулгайлахаар шийдснээр адал явдал өрнөнө. 1957 онд Доктор Сьюзийн бичсэн номоор бүтээгдсэн энэ киног 2000 онд дэлгэцнээ гаргаж байжээ. Гол дүрд нь Жим Керри тоглосон энэ кино шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээ авсан ч АНУ-д дөрвөн долоо хоногийн туршид орлогоороо тэргүүлж, АНУ-д 260 сая, дэлхий даяар 345 сая ам.долларын орлого олж байв. Ингэснээр хамгийн их орлого олсон баярын кинонуудын жагсаалтад “Гэртээ ганцаараа” киноны араас хоёрдугаарт жагсаж байжээ.
8. Цөмөөхэй
Германы зохиолч Эрнст Теодор Амадей Гофманы “Цөмөөхэй ба хулганы хаан” зохиолоос сэдэвлэсэн Цөмөөхэйн түүхийн талаар хүүхэлдэй, анимэйшн, уран сайхны гээд төрөл бүрийн кинонууд бий. Тэдгээрээс сонгоод алиныг нь ч гэр бүлийнхэнтэйгээ үзэхэд тохиромжтой. Энэ түүхд Клара охин ид шидийн ертөнц, хулганын хаант улс гээд олон газраар аялж, адал явдалтай учирна.
9. Чарли ба шоколадны үйлдвэр
Шинэ жил гэхээр л гацуур, жүрж, алимнаас гадна амтат чихэр санаанд орно. Тиймээс Америкийн найруулагч Тим Бёртоны “Чарли ба шоколадны үйлдвэр” киног үзэхгүй байхын аргагүй. Чихрийн нууцлаг үйлдвэрийн эзэн Вилли Вонка залгамжлагчаа олохоор шийдэн, таван шоколаданд алтан тасалбар хийн, тасалбарыг олсон хүүхдүүд түүний үйлдвэрээр аялна хэмээн зарлах аж. Азтнуудын нэг нь ядуу гэр бүлээс гаралтай Чарли Бакет байх бөгөөд Чарли болон бусад хүүхдүүдийг шоколад, мөсөн чихрийн ертөнцөд гайхалтай аялал хүлээж байгаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ