Оросын тухай эерэг мэдээлэл нийтлэхийг хориглох санал гаргажээ

Украины хэвлэлүүдээр Оросын талаарх эерэг мэдээллийг дамжуулахыг хориглох санал гаргажээ. Энэ саналыг Украины Соёлын яам гаргасан талаар Regnum мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх саналтай холбоотой хуулийн төсөл хэдийнэ бэлтгэсэн бөгөөд энэ хуулийн төсөлд Орос, Донецк, Луганскийн бүгд найрамдах улсууд, Орчин үеийн Оросын болон Зөвлөлтийн зүтгэлтнүүдийн талаарх эерэг мэдээллийг гаргахгүй байхаар тусгагдсан байна.
ОХУ-ыг "сурталчлах", Украины эсрэг Оросын үйлдлүүдийг нийтэд түгээхүйц, "Крымийн гүүр нээлтээ хийлээ" гэх жишээний Оросоос ирж буй аливаа албан мэдээллийг ч хоригт хамааруулж байгааг эх сурвалж онцолжээ.
Энэ хуулийн төслийг ойрын хугацаанд Дээд Радад өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.
Эргэн сануулахад, 2014 онд Украинд улс төрийн хямрал гарч, улмаар 1954 оноос эхлэн Украины бүрэлдэхүүнд байсан Крымийн хойгт олон нийтийн санал асуулга явагдан, улмаар дийлэнх оршин суугчдын саналаар энэ хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах болсон нь Орос, Украины харилцааг хурцатгасан юм.
Энэ үйл явдлыг Украин төдийгүй барууны орнууд ОХУ Украины тусгаар нутаг дэвсгэрт халдсан, эзлэн түрэмгийлсэн гэж үзсэн бөгөөд тиймдээ ч Оросын эсрэг олон улсын зүгээс хориг арга хэмжээ тавьсан. Өнөө хэр нь Оросын холбоотон улсуудаас бусад нь Крымийг Оросынх гэж хүлээн зөвшөөрдөггүй юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ