Шүүгээнд даруулж амиа алдсан хүүгийн ар гэрт IKEA 46 сая ам.доллар төлнө

Шведийн IKEA компани шүүгээнд даруулж амиа алдсан хоёр настай хүүгийн ар гэрийнхэнд 46 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон талаар CBS News мэдээллээ.
Хүү 2017 онд MALM цувралын шүүгээ унаж, дарагдсаны улмаас амиа алдсан байна. Энэ хэрэг гарсны дараа үүнтэй адил шалтгаанаар 10 хүүхэд даруулж амиа алдсан гэдэг нь ил болжээ. Шүүгээнд даруулж амиа алдсан хүүгийн эцэг эх болох Жолин болон Крейг Дудек нар шүүгээ тогтворгүй, аюулгүй байдлын стандартад нийцээгүй байсан хэмээн өгүүлжээ.
Хүүхэд шүүгээ рүү авирах үед шүүгээ нурснаас дарагдан амиа алдсантай холбоотой шүүх хурал гурван жилийн хугацаанд үргэлжилсэн байна. Шведийн компани шүүгээг хананд бэхлэх шаардлагатай гэж зааварчилгаан дээр таван газарт бичсэн байгаа хэмээн мэдүүлсэн ч энэ нь тус компанийг зөвтгөх шалтгаан болоогүй аж.
2017 онд амиа алдсан хүүгийн гэр бүлийг төлөөлсөн өмгөөлөгчид энэ хэрэгт ялалт байгуулсаныхаа дараа "нэн аюултай тогтворгүй тавилгаас болж" хүүхдүүд нь амиа алдсан, гэмтсэн бусад гэр бүлүүдийн хувьд ч шударга ёсыг тогтоохын төлөө ажиллана гэж мэдэгджээ.
Шүүхийн шийдвэр гарсны дараа IKEA компани шүүх ажиллагаа дууссанд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. "Ямар ч зохицуулалт эдгээр эмгэнэлт үйл явдлыг өөрчлөх боломжгүй ч гэлээ эдгээр гэр бүл, татагдан оролцсон хүмүүсийн өмнөөс энэ шүүх ажиллагаа дууссанд баяртай байна" хэмээн компани мэдэгджээ.
Өмнө нь, 2016 онд тус компани дээрх төрлийн тавилга унасны улмаас хүүхдүүд нь дарагдаж амиа алдсан Америкийн гурван гэр бүлд 50 сая ам.долларын нөхөн төлбөр олгож байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ