Тэтгэврийн зээлгүй ахмадууд Сүхбаатарын талбайд жагсана


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 он солигдох мөчид Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасан болохыг мэдэгдсэн. Засгийн газар яаралтай горимоор тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хуулийн төслийг УИХ-аар /2020.01.10/ хэлэлцэж иргэдийн тэтгэврийн зээлээс 6 сая хүртэл төгрөгийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгох бөгөөд үүнийг 2021 оны тавдугаар сард багтаан олгох, тэтгэврийн зээлийг 6 сар хүртэл хугацаанд олгож байх зарчмын саналыг дэмжив.
Харин тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмадын төлөөлөл болон Шинэн, Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэлээс тэтгэврийн зээл тэглэх асуудалтай холбогдуулан өнөөдөр /2020.01.10/ 11.40 цагт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.
Монголын ахмадын холбоонй ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "Зээл аваагүй 180 мянган ахмад байна. Эдгээрийг авч үзвэл зээл авсан ч үр дүнд хүрээгүй учир дахиж зээл авахгүй гээд хаширчихсан нэг хэсэг бий. Амьд байхдаа зээл аваад нас барсны дараа үр хүүхдэдээ гай болохгүй гээд тэвчээд үлдсэн ихэнх хэсэг бий. Мөн амьдралаа тэтгэврээрээ залгуулна гэсэн зорилготой ахмадууд зээл авалгүй явж ирсэн" хэмээсэн.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ