ВИДЕО: Бид казино тоглоогүй, үзэж сонирхсон

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон. УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар багтсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан гишүүд казинод орсон тухай зурагтай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та айлчлалын үеэр казино тоглосон зураг байна. Энэ талаар тайлбар хийнэ үү?
-Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүд оролцоод ирлээ. Хугацаа давчуу байсан. Энэ сарын 13-15-нд олон улсын чуулганд оролцсон. Энэ үеэр олон хүнтэй уулзалт хийсэн. Чуулганы үеэр УИХ-ын даргын хэлсэн үг, уулзалтуудын талаар та бүхэн мэдээлэл авсан байх. Харин өөртэйгөө болон хамт явсан гишүүдийн талаар гарсан мэдээллийн талаар хэлье. Энэ сарын 17-ны өдөр нэг өдрийн аялалын хөтөлбөр Сиднейд байсан. 18-д Монгол руу ниссэн.
Казино тоглосон гэх зурагтай холбоотой асуудлаар тайлбар хийе. 17-ны өдөр Сидней хоттой танилцсан. Энэ хүрээнд Казиногийн худалдаа бизнесийн хамгийн том төвтэй бид Элчин сайдын хамт танилцсан. Энэ төв нь дэлгүүр, ресторантай. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв казинод ороод гарсан. Энэ хооронд сууж байгаа, зогсож байгаа зураг авсан байна лээ.
УИХ-аар Ш.Раднаасэдээр ахлуулсан Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон. Тиймээс үүнийг сонирхож, казиногийн талаар ойлголттой болох гэж бид дөрөв орсон. Гэтэл онгоцонд явж байтал ийм мэдээлэл гарсан байна. Бидний хувьд хэн нэгнээс нуугаад байх зүйлгүй. Мэдээж, УИХ-ын гишүүн сөрөг хүчний даргатай, УИХ-ын ахмад гишүүнтэй, Элчин сайдтай хамтдаа казино тоглоод байна гэж үгүй. Харин бид үзэж сонирхсон.
-Та бооцоо тавьсан уу?
-Бид казино сонирхож орсон, судлаагүй. Бооцоо тавиагүй. Мэдэх ч үгүй.
-Паспорт шалгасан уу?
-Сиднейд ороход казинод нь паспорт шалгадаггүй юм билээ.
-Казиногийн хууль хэзээ орох вэ? УИХ-аар?
-Амжвал энэ УИХ хэлэлцээр ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Төрийн албаны хуулиар н.Чулуунхүү гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрээд байна?
-Хариуцлага хүлээх бол хүлээнэ.
Д.Эрдэнэбат: Казино тоглосноо зөвтгөхгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон. УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар багтсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан гишүүд казинод орсон тухай зурагтай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тайлбар хийлээ.
Тэрбээр:
-УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцоод ирлээ. Энэ үеэр нэр бүхий гишүүдийг казинод орсон гэх асуудлаар шуугиан гарч байна. Би Сиднейд анх удаагаа очиж үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-нд аялал хийсэн. Аялал жуучлалын төвөөр явж байхдаа казиногоор ороод гарсан. Харийн оронд бид нэг монголчууд. Казиногоор орсноо зөвтгөх шалтгаан байхгүй. Харийн оронд явж байхдаа бие биенээ халамжилж явдаг. Тэр үедээ шуугиан тарина гэж бодоогүй. Хэвлэл мэдээллийнхэн ч үүн дээр анхаарал татаж байгаа нь зөв. Шуугиан тарих эрх нь нээлттэй байгаа. Энэ шуугианыг далимдуулж улстөржөөд, нэр хүндийг нь унагааж болохгүй.
-Та зурган дээр байгаа хүн мөн үү?
-Би Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан. Би мөн.
-Яагаад казинод орсон бэ?
-Хөтөлбөрийн дагуу үзэж сонирхсон. Ороод, сонирхоод гаръя гэж бодсон.
-Казиногийн хуулийг УИХ хэлэлцэх үү?
-Казиногийн хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Өндөр хөгжсөн оронд казино нь аялал жуучлалд чиглэсэн байдаг. Тиймээс бид орж үзэх шаардлагатай гэж бодсон.
-Мөрийтэй тоглосон уу?
-Ямар ч гишүүн мөрийтэй тоглоом тоглоогүй.
-Хэдүүлээ орсон бэ?
-Дөрвүүлээ орсон. Цаг гаруй явсан.
-Та казинод тоглож байсан уу?
-Залуу байхдаа бусад орны казинод орж байсан. Д.Лүндээжанцан гишүүн явсан. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх уу дээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ