
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хийлээ.
Гишүүдийн өргөн мэдүүлсэн 2 хуулийн төсөл зарчмын хувьд адил байгаа тул нэгтгэж нэг болгоод хэлэлцээд явья гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, тэтгэврийн зөрүүг арилгах асуудал маш чухал. Гэхдээ Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл байгаа.
Энэ хуулийн төслийг Засгийн газар сайжруулж чамбайруулсан боловч түр хугацаагаар хойшлуулж өнөөдрийг хүргэсэн. Иймд Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй нэгтгээд хэлэлцээд явбал яасан юм бэ гэсэн санал гаргав. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, суурь тэтгэврийг хэлэлцэх нь зөв ч зарчмыг нь сайтар тодорхойлох ёстой. Эдгээрийг хооронд нь уяж холбох хэрэггүй. Шимтгэл төлөлгүй тэтгэвэр авна гэдэг нь нийгмийн даатгалын үндсэн суурь хуультайгаа зөрчилдөж байгаа.
Олон шатлалтай тэтгэвэр олгоно гэдэг нэрийн дор ямар ч шимтгэл төлөлгүй тэтгэвэрт хамрагдах нь халамжийн тэтгэмж болно. Тэтгэвэр, тэтгэмж хоёроо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бид 95 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг 95 оноос хойш тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэртэй адил хэмжээнд болгож зөрүүг арилгах бодлого барьсан. 95 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр хариуцана гэж заасан. Иймд хоёр өөр субьект санаачилсан, хоёр өөр хуулийн төслийг нэгтгэх боломжгүй. Тухайлбал, 95 оноос өмнө багшилж байсан хүний тэтгэвэр 95 оноос хойш багшилж байсан хүний тэтгэвэртэй адил байх ёстой гэдэг зарчим явж байгаа гэлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди тайлбартаа, Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулинд дор хаяж 10-аас доошгүй жил тэтгэврийн шимтгэл төлсөн иргэд хамрагдана. Харин огт шимтгэл төлөөгүй хүмүүс хамрагдахгүй. Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байх үед Нийгмийн даатгалын сангаас суурь тэтгэврийн мөнгийг шийдвэрлэхэд 60 тэрбум төгрөг байршуулж өгсөн. Үндсэн хуулийн хүний эрхийн асуудлаархи заалтын 16.5-д бүх өндөр настан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Итгэлцүүр нэмэх асуудлыг та агентлагийн дарга байхдаа хийсэн. Түүнийг л засах гээд байгаа юм. Үүнийг бид хийгээгүй. Нийгмийн суурь хууль Нийгмийн даатгалын үндсэн суурь хуультай зөрчилдөхгүй гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, 95 оноос өмнө тэтгэвэр тогтооход бодож байсан аргачлал, итгэлцүүр буруу байсан юм билээ. Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд тэтгэвэр бодох итгэлцүүрийг 5 удаа өөрчилж байсан. Тэтгэврийн хэмжээг ажилласан жил, авч байсан цалин гэсэн 2 хэмжүүрээр тогтоодог зарчмаар явна. Харин тэтгэврийн хэмжээг бүхэлд нь ойртуулах гэсэн асуудал биш. Өндөр цалин авч байсан нь өндөр, бага нь багаар тэтгэвэрээ тогтоолгоно. Энэ нь төсөвт ачаалал өгч өсөх тоо биш. Ер нь бол Үндэсний статистикийн газар тухайн цаг үед нь таарсан цалин тэтгэврийн итгэлцүүрийг тогтоож явах нь зүйтэйг хэлэв.
Эцэст нь Нийгмийн суурь тэтгэврийн тухай хууль Нийгмийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлал, агуулгатай шууд зөрчилдөж байгаа. Гэхдээ суурь тэтгэврийн тухай хуулийг 100 хувь эсэргүүцээгүй. Ярилцья, ажлын хэсэг гаргая. Харин заавал гишүүдийн өргөн барьсан хуультай барьцалдуулж, хойшлуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлж, гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан юм. Ингээд С.Эрдэнэ гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан боловч гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. Харин дээрх хуулиудыг нэгтгэж Ажлын хэсэг байгуулан богино хугацаанд оруулж ирэх дээр гишүүд санал нэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ