Маргаашийн төлөө маск зүүе

-Дэлхий "эдгэрч" дэнж хотойтол наадна аа, монголчууд аа-

Урд хөршид дэгдээд байгаа аюулт вирус хурдацтай тархаж дэлхийг түгшээж буй энэ үед ажилдаа ч явалгүй гэрийнхээ хаалгыг дангинатал түгжээд хамраа ч цухуйлгамааргүй л байна. Гэсэн ч бидэнд маргааш гэж өдөр бий...Сарын сүүлээр цалингийн зээл, байрны лизингээ өгдгөөрөө л өгнө. Тиймээс маргаашийн хамт ирэх сайхан бүхний төлөө бид эрүүл байх хэрэгтэй байна.
“Титэм” гэх үхэлд хүргэх аюулт вирус азаар манай улсад орж ирээгүй байна. Гэтэл орж ирснийг нь нуулаа, оношилж чадахгүй байна гэх зэргээр хэн ч нотлоогүй, батлаагүй, эх сурвалжгүй мэдээллийг биедээ түгээж “Энэ үнэн үү” хэмээн скрийн шот хийсэн фэйсбүүк чатаа хэн хэн рүүгээ дамжуулж улам бүр айдас төрүүлж буй нь тоогүй. Муу бүхэн холуур байг хэмээн залбирч суухын оронд ийнхүү мууг ёрлох мэт юунд худал мэдээлэлд автана вэ. Баталгаагүй мэдээллээр бодлоо вирустүүлж суухын оронд зүгээр л маскаа зүүе. Гараа угаая. Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байя.
Өглөө ажилдаа ирэх замд таван хүн тутмын гурав нь маск зүүгээгүй харагдана. Ингэхээр идэвхийлэн маск зүүсэн маньд тусгүй мэт санагдана. Үхэлд хүргэх аюулт вирус өдөр ирэх тусам ойрхон сонстож буй ч түүнээс өөрийгөө хамгаалах тун амархан. Гараа угаагаад, маскаа зүүхэд л хангалттай. Гэтэл манайхны хээгүй монгол зан, “Яав л гэж” гэх хэнэггүй аалинд үхэлд хүргэх аюулт вирус ч нөлөөлж чадахгүй байна.
Хэцүү санагдаж, хэрхэхээ мэдэхгүй айж сандарч буй ч өглөөний нар манддагаараа л мандаж бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Удахгүй шинийн нэгний өглөө мэндийн хадагтай ч золгоно. Ээжийнхээ төлөө, хайртынхаа, хамаатныхаа төлөө, тэдний эрүүл мэндийн төлөө маск зүүе.
Тэнэмэл цоохор бэрхшээлийн өмнө тэнцвэр алдаж гудайхын оронд амьд байгаадаа баярлаад ахиад зөндөө удаан амьдрахсан, амьсгалахсан гэх хүслээсээ зуурч босоод хайртай бүхнийхээ төлөө маскаа л зүүе. Удахгүй дэлхий “эдгэрч” дэлгэр монголчууд дэнж хотойтол наадах өдрүүд ирж яваа...Тиймээс сэтгэлийн тэнхээтэй байж маргаашийн төлөө маскаа зүүе. Тэгээд өөдрөг гэгээн байцгаая.

“Титэм” вирүсийн халдвараас сэргийлэх зөвлөмж:
✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
✅ Түүхий ус уухгүй байх;
✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;
✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх нь таны нийгмийнхээ төлөө цаашлаад дэлхийн энхийн төлөө хийж буй их үйлс юм.

Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ