Хотод нь үлдсэн ганц ахмад дайчинд зориулж парад зохион байгуулжээ

Нэгдүгээр сарын 27-ны өдөр Оросын Смоленск мужийн Богородицкое тосгонд ганцхан ахмад дайчинд зориулсан парад болжээ.
Энэ парадыг Ленинградын төлөөх тулалдаанд оролцсон ахмад дайчин Михаил Семенович Кугелевд зориулан Смоленск мужийн Мөрдөн шалгах газрын ажилтнууд фашистын бүслэлтээс Ленинградыг бүрэн чөлөөлсний ойн өдөр болох нэгдүгээр сарын 27-нд зохион байгуулсан байна.
"Жил ирэх тусам тэр дайны ялагчид улам бүр цөөрч байна. Зарим нь хэдийнэ бие барсан бол нөгөө хэсэг нь эрүүл мэндийн шалтгаанаар гэрээсээ гарч чадахгүй байгаа. Гэхдээ энэ байдлыг засч болно, ахмад дайчин парад үзэхээр ирж чадахгүй бол гагцхүү түүнд зориулж парад зохион байгуулж болно" хэмээн Мөрдөн шалгах газар мэдээлжээ.
Ганц ахмад дайчинд зориулсан парадад 200 орчим офицер, цэргийн академийн сонсогч, залуу армийнхан оролцсон байна. Парадад оролцогчид цэргийн үлээвэр найрал хөгжмийн дор ёслолын марш алхаж, Ленинградыг чөлөөлөх тулаанд оролцсон ахмад дайчны амьдардаг байр руу очжээ.
Ёслолын ажиллагаа дууссаны дараа Агуу их Эх орны дайны ахмад дайчин үйл ажиллагаа зохион байгуулагчдыг гэртээ урьж, офицерүүд түүнд бэлэг өгчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ