Хүмүүс дээр хийсэн дуулиант, СЭТГЭЛЗҮЙН ТУРШИЛТУУД

Хүн төрөлхтнийг урагшлуулж буй хүчин зүйл нь шинжлэх ухаан. Гэхдээ зарим тохиолдолд шинжлэх ухааны нэрийн өмнөөс эрдэмтэд аймшигт туршилтууд хийх нь бий. Хоёрдугаар дайны үед нацистууд хүүхдүүд дээр хийж байсан аймшигт туршилтуудаас эхлээд сэтгэлзүйн туршилтууд ч олонтаа хийгдэж байв. Энэ удаад хүний сэтгэлзүйг илүүтэй ойлгох гэсэн зорилготой хийгдэж байсан хамгийн дуулиантай туршилтуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
"Бяцхан Альберт"
Өнгөрсөн зууны хамгийн дуулиан тарьсан туршилтуудын нэг нь 1920 онд Жон Уотсоны хийсэн туршилт байлаа. Энэ эрдэмтэн аливаа төрлийн фоби буюу айдас бүр бага насанд нь үүсдэг гэдгийг батлах зорилготой байжээ.
Энэ туршилтанд есөн сартай, Альберт гэх өнчин хүүг оруулсан байна. Туршилтын явцад найман долоо хоногийн туршид хүүд цагаан харх болон түүнтэй төстэй зүйл харуулдаг байжээ. Анхлаад хүү огт айж цочирдолгүй хархтай тоглодог байв. Харин дараа нь Альбертыг хархтай тоглох үеэр эрдэмтэн Уотсон алхаар төмөр нүдэж, чанга, цочир дуу авиа гаргадаг болсон нь хүүг цочоодог болжээ.
Ингээд хүү айдастай болов, тэр харх болон цагаан өнгийн амьтантай адилхан харагдах бүхнээс айдаг болжээ. Дараа нь хүүгээс долоо хоногийн хугацаатай амьтныг салгав. Гэсэн ч хүү харх харангуутаа уйлдаг болжээ.
Ийнхүү Уотсоны онол батлагдав, гэвч Альбертын айдас насан туршид нь арилаагүй гэдэг.
Стэнфордын туршилт
Стэнфордын туршилт бол хүмүүс дээр хийсэн хамгийн алдартай туршилтуудын нэг. Энэ туршилтыг 1971 онд сэтгэл судлаач Филипп Зимбардо явуулсан бөгөөд судалгааг АНУ-ын Тэнгисийн цэргийн флот захиалжээ. Эрх чөлөөг нь хязгаарлахад хүн хэрхэн хариу үйлдэл үзүүлэх болон нийгмийн албадан үүрэг хүний зан байдалд хэрхэн нөлөөлөлхийг судлах нь энэ туршилтын зорилго байв.
Ингээд Стэнфордын их сургуулийн сэтгэл судлалын факультетын хонгилд тусгайлан шоронгийн нөхцөл үүсгэн, сайн дураар туршилтад оролцож байсан 24 эрэгтэйг шоронгийн хуяг болон хоригдол болгон хуваажээ. "Хуяг" болон "хоригдлууд" өөр өөрсдийн тусгай хувцастай байв. Энэ "шорон"-д аливаа төрлийн бие махбодийн хүчирхийллийг хориглосон байв. "Хуягууд" "хоригдлууд"-ыг ихээр айлгаж, гунигт автуулах зорилттой. Мөн тэднийг зөвхөн дугаараар нь л дуудна.
Энэ туршилт маш хурдан хяналтаас гарчээ. Туршилтын хоёр дахь өдөр гарсан үймээнийг хүчээр дарав. "Хуягууд" бусдыг тамлан зовоох авир гаргаж эхлэн, "хоригдлууд"-ыг нүцгэн гараараа жорлон угаах, бетон шалан дээр унтах, дасгал хийхийг албадаж байлаа. №416 дугаартай "хоригдол" үүнийг эсэргүүцэн өлсгөлөн зарлажээ. "Хуягууд" түүнийг давчуу хэсэгт аваачин, гарт нь зайдас бариулсан байна.
Мөн хянагчид заримдаа "хоригдлууд"-ыг өөр хооронд нь хагаралдуулах үйлдэл гаргаж байв. Жишээ нь, №416 дугаартай хоригдол ганцаарчилсан камерт шөнийг өнгөрөөнө, эсвэл бүх хоригдол хөнжилгүй үлдэнэ гэхэд нэг ч хүн №416 хоригдолд туслахыг хүсээгүй гэнэ.
Анхандаа энэ туршилтыг хоёр долоо хоног явуулахаар төлөвлөсөн ч нөхцөл байдал хүндэрсний улмаас зургаа дахь өдөр нь зогсоожээ.
Милгремийн туршилт
1963 онд Йелийн их сургуульд Стэнли Милгрем нэгэн туршилт хийжээ. Энэ туршилтын зорилго нь хүмүүс ажлын шаардлагын улмаас огт гэм зэмгүй хүмүүст хэр их зовлон шаналал учруулж чадахыг тогтоох байв.
Тэрбээр нацистуудын үед энгийн германчууд хорих лагерууд дахь гэм зэмгүй олон сая хүнийг хөнөөхөд хэрхэн оролцож чадсаныг тодорхойлохыг зорьжээ.
Энэ туршилтад туршигч, туршилтанд оролцогч, мөн туршилтанд оролцогчийн дүр гүйцэтгэх жүжигчин оролцсон байна. Сугалаагаар сурагчийн дүр хэнд очихыг /үргэлж жүжигчинд ноогдоно/ шийдэх бөгөөд сурагч багшийн хэлсэн үгийг цээжлэн, алдвал хүчтэй цахилгаан гүйдлээр цохиулна /мөн л хуурамч гүйдэл/.
"Сурагч"-ийг тусгай өрөөнд оруулан 15-450 вольт хүртэлх гүйдэлтэй, 30 товчлуур бүхий пульттэй холбожээ. Бүхий л товчлуур нь "Бага цохилт", "Дунд зэргийн цохилт", "Хүчтэй цохилт" , "Маш хүчтэй", "Эрчимтэй", "Маш эрчимтэй", "Аюултай, тэсэхэд бэрх" гэсэн ангиллуудад хуваагдсан байна.
Ингээд "багш" "сурагч"-ийн цээжлэх ёстой үгсийг хэлнэ. Дараа нь сурагч багшийн асуултад хариулх бөгөөд буруу хариулт өгвөл багш гүйдлийн хүчин чадлыг аажмаар нэмнэ.
Туршилтад оролцогч ийм үйлдэл хийхээс татгалзвал туршилтыг удирдан явуулж байгаа хүн "Үргэлжлүүлнэ үү", "Та үргэлжлүүлэх ёстой", "Та зайлшгүй үргэлжлүүлэх ёстой", "Та үргэлжлүүлэхээс өөр сонголт байхгүй" гэсэн дөрвөн өгүүлбэрийг туршилтыг цааш үргэлжлүүлэхийг ятгахын тулд хэрэглэж байв.
Эдгээр өгүүлбэрүүдийг дэс дараалалтайгаар хэлэх бөгөөд туршилтад оролцогч дөрөв дэх өгүүлбэрийг хэлсэн ч татгалзвал туршилтыг зогсоож байжээ.
Мөн туршилтад оролцогч "сурагч"-ийн биеийн байдлын талаар сонирхвол туршилт зохион байгуулагч "Гүйдэлд цохиулснаар өвдөж магадгүй, гэхдээ удаан хугацааны гэмтэл үүсгэхгүй" хэмээн хариулдаг байж.
Энэ туршилтын үр дүн тухайн үеийн шинжлэх ухааны хүрээллийнхнийг цочирдуулсан гэдэг. Туршилтад орсон хүмүүсийн 65 хувь нь нэртэй эрдэмтний ятгалгаар 450 вольт хүртэлх хэмжээний гүйдлээр "сурагчийг гэмтээжээ".
"Нэр хүндтэй нэгний зааврыг даган энгийн насанд хүрсэн хүмүүс хичнээн их хил хязгаарыг давсан үйлдэл хийхэд бэлэн болохыг судалгаа харуулсан" хэмээн Милгрем мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ