Шанхай руу нисч байсан онгоц чиглэлээ өөрчлөн, Уханий оршин суугчдыг төрөлх хотод нь буулгажээ

Японы Осака хотоос Хятадын Шанхай хотыг чиглэн, Хубэй мужийн 94 оршин суугчтайгаар нислэг үйлдэж явсан Juneyao Airlines компанийн онгоц Хятадын агаарын орон зайд орж ирснийхээ дараа чиглэлээ өөрчлөн, зорчигчдыг Ухань хотод буулгасан талаар Известия мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хилийн чанадад байсан Ухань хотын олон иргэн титэм вирус дэгдэсний улмаас төрөлх хотдоо эргэн очиж чадахгүй байсан гэнэ. Учир нь энэ хот вирусийн тархалтаас сэргийлж нисэх буудлуудыг хаасан юм.
Дээр дурьдсан нислэг Шанхайн нисэх буудал дээр орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 29-ний 21:30 цагт газардах ёстой байсан ч Хятадын агаарын орон зайд орсныхоо дараа онгоцны багийнхан Хубэй мужид оршин суудаг 94 зорчигчтой яваа тул чиглэлээ өөрчлөн, Уханий нисэх буудалд газардах зөвшөөрөл өгөхийг эрх баригчдаас хүсчээ. Ийнхүү чиглэлээ өөрчилсөн тохиолдолд хорио цээрийн бүсэд газардсантай холбоотойгоор 14 хоног тусгаарлагдах шаардлагатай гэдгийг тэдэнд анхааруулсан ч Ухань руу чиглэлээ өөрчилсөн онгоцны багийнхан энэ нөхцлийг сайн дураараа зөвшөөрсөн байна.
Түүнчлэн ийнхүү онгоц нь Уханийг зорьсон Juneyao Airlines агаарын тээврийн компани эмнэлгийн шаардлагатай хэрэгслүүдийг худалдан авч, онгоцонд ачин илгээжээ. Улмаар онгоцны үйлчлэгч "Онгоц Уханийг чиглэн нисч байна, гэртээ тавтай морилно уу" гэж зарлахад зорчигчид баярлан, алга ташсан байна.
Эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн титэм вирус дэгдсэн юм. БНХАУ-ын эрх баригчид вирусийн тархалт хоёрдугаар сард буурна гэж үзэж байна. Одоогоор халдвар авсан хүний тоо 6065, харин вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 170-д хүрсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ