Монголын Авлигатай Тэмцэх Газрын анхны дарга асан Б.Дангаасүрэн Австралийн Сидней хотод учир битүүлэгээр амиа алдснаас хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Гэвч түүний учир битүүлэг үхлийн гогцоо олдож учиг нь тайлагдах нь бүү хэл өдгөө “дарагдмал” байдалтай байна.Түүнийг шударга, зарчимч хүн байсан учраас ийнхүү амиа алдахад хүргэсэн хэмээдэг. Тиймээс түүний үхэлтэй холбоотой хэрэг хэзээ ч илрэхгүй ч байж магад.
Гэсэн ч хэрэг хуучирдаггүй гэдэг үг бий. Тухайн үед буюу одоогоос дөрвөн жилийн өмнөх 10 дугаар сарын 26-ны өдөр ямар үйл явдал өрнөж юуны учир Монголын Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн харийн нутагт амиа алдав гэдэг нь тодорхой бус ч түүний шарилыг Монголд ирснээс хойш үйл явдал хэрхэн өрнөснийг өгүүлье.
Тухайн үед талийгаачийг амиа хорлосон, зохион байгуулалттайгаар амийг нь хөнөөсөн, өвчний улмаас зүрх нь хаагдсан гэхчилэн өөр өөрийн таамгийг дэвшүүлж байв. Гэвч талийгаачийн цогцосыг Австралаас Монголд авч ирэхэд хоёр нүдийг нь ухан авч оронд нь мөөгний иш мэт зөөлөн саарал зүйл хийсэн байсан, хэд хэдэн хавирга нь хугарсан төдийгүй цээжин хэсэгт нь арзгар ул бүхий гутлын мөр гарсан байсныг талийгаачийн төрсөн дүү Б.Дансал нь өгүүлсэн юм. Түүний эл яриаг сонссон, уншсан бүхэн Авлигатай тэмцэх газрын дарга бусдын гарт амиа алдчихсан юм биш байгаа гэсэн хардлага тухайн үед нийгмийг “нөмөрсөн” эдүгээ талийгаачийн үхлийн талаарх яриа намжмал байдалтай байна.
Эрүүл саруул албан үүргээ гүйцэтгэж явсан хүн нь амиа алдсан төдийгүй эрэмдэглүүлсэн цогцос хариас ирэхэд л “хар авсан” ар гэрийнхэн нь гомдол гаргасан учраас цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тодруулбал, талийгаачийн төрсөн дүү Б.Дансалд нь мэдэгдэхгүйгээр Нийслэлийн прокурорын газрын ажилтан н.Хишигжаргал гэгч “Нас барсан шалтгаан нь тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болголоо” хэмээн хавтаст хэргийг хааж байжээ.
МОНГОЛ ДАХЬ ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН ХЭРХЭН ГАРАВ
Б.Дангаасүрэн агсны цогцост задлан шинжилгээ хийх комиссыг Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны хамтарсан тушаалаар долоон хүнтэйгээр баталж байсан юм. Харин задлан шинжилгээг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийг удирдах газрын дарга, Монгол Улсын хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор Л.Жамбалжав удирдан хийсэн байдаг.
Задлан шинжилгээний комиссынхон “Архаг хууч өвчин нь сэдэрсний улмаас нас барсан” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүнийг нь тодруулбал, талийгаач долоон төрлийн өвчтэй төдийгүй уушигны идэвхтэй хэлбэрийн сүрьеэ, элэгний идэвхтэй архаг үрэвсэл мөн элэгний хатуурал өвчний улмаас бүх эрхтэн системийг түгээмэл хамарсан хордлогын шалтгаант зүрхний цусан хангамжийн дутагдлаар нас барсан байх боломжтой хэмээжээ.
Харин задлан шинжилгээний багийнхан дүгнэлт гаргахдаа хэд хэдэн алдаа гаргасан нь гэр бүлийнхэний нь хардлагыг лавшруулж зохион байгуулалттай бүлэглэлийн нөлөөгөөр хүний гарт амиа алдсан гэх таамгийг магадлалтай болгосон гэхэд болно.
Нэг. Талийгаачид хийсэн задлан шинжилгээг “2007 оны 11 дүгээр сарын нэгний өдөр шинжилгээ хийж дараах дүгнэлтийг гаргалаа” гэж бичсэн байдаг. Гэтэл энэ өдөр буюу 2007 оны 11 дүгээр сарын нэгний өдөр талийгаачийн цогцос Сидней хотод байжээ.
Хоёр. Дүгнэлтэд “53 настай, эрэгтэй Б.Дангаасүрэн” гэж бичсэн байв. Гэтэл талийгаач 1951 онд төрсөн ба 56 насандаа таалал төгссөн байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичсэнчлэн 53 настайдаа Монгол улсын Дээд шүүхийн гишүүн байжээ.
Гурав. Задлан шинжилгээний багийнхны гаргасан гурав дахь алдаа нь талийгаачийг долоон төрлийн өвчтэй байсныг нь тогтоосон хэр нь түүний шаналж явдаг өвчний талаар огтхон ч мэдээгүй байв. Энэ нь чихрийн шижин өвчин. Комиссынхон дүгнэлтэндээ “Чихрийн шижин өвчтэй болох нь тогтоогдоогүй” гэсэн байв.
ХАРИН АВСТРАЛИЙН ТАЛ ДҮГНЭЛТ ЮУГ ӨГҮҮЛЭВ
Харин Австралийн талын дүгнэлтэнд инсулинтэй буюу чихрийн шижин өвчний бүхэл нь 25 гарсан төдийгүй талийгаачийг уургийн дутагдалтай байсныг өгүүлсэн байдаг. Түүнчлэн талийгаачийн 7 хавирга нь хугарсан ба хавирганы хугаралт нь массаж хийснээс болоогүй, гадны нөлөөлөлтэй гэдгийг дурьджээ. Харин бусад эрхтэн буюу элэг, бөөр, цул эрхтэн нь бүгд хэвийн гэж дүгнэсэн байдаг.
Б.ДАНГААСҮРЭН АГСНЫ ДҮҮ Б.ДАНСАЛ ЮУ ХЭЛЭВ
Тэрээр ахныхаа үхлийг тодруулах гэж хамгийн их “гүйсэн” хүн. Гэвч өдийг хүртэл гомдлоо тайлж чадаагүй явна. Тэрээр ахныхаа учир битүүлэг үхлийг авлигчдын захиалга хэмээн боддог тухайгаа хэлсэн байдаг. Түүний хэлсэн үгнүүдийг иш татья.
-Миний ахтай Авлигатай тэмцэх газрын зургаа, долоон хүн хамт явсан байдаг. Тэд ахын маань үхэлтэй холбоотой. Уулзъя гэхээр уулздаггүй. Ярья гэхээр гэрийнхээ утсыг хүртэл салгачихсан байдаг.
Олон улсын бага хуралд явахад төлөөлөгчдийн байрлах буудлыг олон хоногийн өмнө факсаар мэдэгдэж цуцалсан байдаг. Гэтэл хамт явсан хүмүүс нь тэнд /Сидней хотод/ очсон хойноо хэлсэн байдаг.
-Ахын маань нүдийг нь авч, оронд нь мөөгний иш шиг зүйлийг нүдний хэлбэрт оруулж, ухархайд нь суулгаж өгсөн байсан. Энэ талаар албаны хүмүүсээс учрыг нь асуусан ч талийгаачийн нүдийг нь авсан талаар “Хариулах боломж байхгүй” гэж хэлсэн.
-АТГ-ын тамгын газрын дарга асан Д.Алтангэрэл тэргүүтэй хүмүүс зориуд санаатайгаар амь насыг нь хорлосон байх гэж би боддог. Энэ бол төрийн захиалга биш. Энэ бол Монгол авлигачдын захиалга байх. Энийг би ард иргэдийн өмнө зоригтой хэлж чадна. Ингэж хэлэх олон баримт надад байна.
Б.ДАНГААСҮРЭН АГСНЫ ҮХЭЛ УУЛ УУРХАЙН КОМПАНИТАЙ ХОЛБООТОЙ ЮУ?
“WikiLeaks” сайт дипломатуудын талаарх нууц мэдээллийг задруулахдаа Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга агсан Б.Дангаасүрэнгийн үхлийн шалтгааныг дурьджээ. Тэдний бичсэнээр энэ хэрэгт Канад, Австралийн уул уурхайн хамтарсан компаниуд холбоотой байжээ. Харамсалтай нь уг сайтад тавигдсан материал хакерүүдийн дайралтад өртөж устжээ.
Дээрх сайтад тавигдсан материал дотор "АТГ-ын дарга Б.Дангаасүрэнд уул уурхайн талаарх авлигын 600 гаруй баримт байжээ. Эдгээр дотор Тавантолгой, Асгат, Оюутолгой, Дорнодын ураны ордыг ашиглах гэрээ байсан аж. Эдгээр ордыг ашиглахын тулд Канад, Австралийн хувь нийлүүлсэн компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Иймээс асуудлаа шийдэхийн тулд АТГ-ын дарга Б.Дангаасүрэнг хороох нь дээрх компаниудын туйлын зорилго байв" хэмээсэн байсан хэмээн эх сурвалж өгүүлсэн байдаг.
Б.ДАНГААСҮРЭН ГЭЖ ХЭН БАЙВ
Баасайн Дангаасүрэн 1975 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Б.Дангаасүрэн 1975-1976 онд Дээд шүүхэд ахлах зааварлагч, 1976-1977 онд Нийслэлийн шүүхэд орлогч дарга, 1977-1979 онд Дээд шүүхийн гишүүн, 1979-1982 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1982-1990 онд Дээд шүүхийн орлогч, нэгдугээр орлогч дарга, Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1990-1992 онд Дээд шүүхэд хэлтсийн дарга, 1992-1993 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, 1993-2002 онд Дээд шүүхийн шүүгч, 2002-2005 онд Шүүхийн сахилгын хорооны ажлын албанд хянан шалгагч, 2005 оны есдүгээр сараас Дээд шүүхийн Судалгааны төвийн захирлаар ажиллаж байв.
Б.Дангаасүрэнгийн хөдөлмөр бүтээлийг төрөөс үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Халх голын ялалт, Зэвсэгт хүчний 60 жил, Ардын хувьсгалын 60, 70, 80 жил, Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Үндсэн хуулийн Цэцийн хүндэт тэмдгээр шагнасан байна. Б.Дангаасүрэн Шүүхийн болон хууль зүйн албаны тэргүүний ажилтан байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ