ТОКИО-2020: Жуулчид капсулан буудалд тухалж, зохион байгуулагчид "эко бүхнийг дэмжинэ"

img


Токиогийн Олимп эхлэхэд хэдхэн сар үлдлээ. Япон улс өмнө нь 1964 онд олимп зохион байгуулж байсан бөгөөд тухайн үеийн гадаадын жуулчид  200 км/цаг гаруй хурдтай  галт тэргийг хараад гайхширч байв. Харин энэ удаа Япон улс ямар ололт, шинэчлэлтээр бусдыг алмайруулах бол? 


Нээлтийн ажиллагаа 


Нээлтийн ажиллагаанд Сон Гоку, Дораэмон, Сейлор-мун, Марио зэрэг Японы хүүхэлдэйн кино болон компьютерын тоглоомын дүрүүд гарч ирэх магадлал өндөртэй гэнэ. Риогийн олимпийн хаалтын ажиллагаан дээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Мариогийн хувцастай гарч байсан бөгөөд энэ нь Токиод болох олимпийн үеэр Марио гарч ирнэ гэдгийн дохио хэмээн хүмүүс үзэж байна. 


Японы сайд нарын танхимын захиргааны сайт дээрх мэдээллээс харахад нээлтийн арга хэмжээнд гурван хэмжээст видеомаппинг ашиглах гэнэ. Проекторуудыг том объектууд руу тусган нэмэлт бодит байдлыг бий болгох аж. 


Мөн зохион байгуулагчид од харвах үзэгдлийг хиймлээр хийж үзүүлэхээр төлөвлөжээ. Задгай сансарт байх хиймэл дагуул урьдчилан бэлдсэн хэсгүүдийг гаргах бөгөөд эдгээр нь өнгө өнгийн ул мөр үлдээн агаар мандалд шатах аж. 


Жуулчдыг байршуулах газар 


Токиог зорьсон олон мянган жуулчныг байрлуулах нь багагүй хүнд зорилт. Сөөм газар ч алт шиг үнэтэй байх энэ хотод капсулан зочид буудал ихээхэн алдартай. Олимп болохтой холбоотойгоор энэ төрлийн зочид буудлыг олноор нээжээ. 


Ганц хүн ороод л шууд хэвтэж, унтаж болох ийм буудлын үнэ ердийн үед 20 ам.доллар байдаг бол Олимпийн үеэр 150 ам.доллар хүрч болзошгүй байгаа юм. 


Олимпийн бүтээн байгуулалт 

 

Японд болох Олимпийн наадамд зориулан цэнгэлдэх хүрээлэн, усан сан, дугуйн зам зэрэг спортын 42 байгууламжийг шинээр барьж, өөрчилж, шинэчилжээ. Мөн барилгын ажилд хоёрдагч түүхий эдийг ихээр ашигласан байна. 


Олимпийн нээлт болон хаалтын ажиллагаа болох гол цэнгэлдэх хүрээлэн 1964 оны олимп болж байсан газарт ердөө 36 сарын дотор баригджээ. 


Шинэ цэнгэлдэх хүрээлэн Японы уламжлалт хэв маягийг шингээсэн бөгөөд тусгай тагтууд дээр ногоон байгууламжууд бий болгосон байна. 


Олимпийн наадам эхлэх үед Синкансэн галт тэрэгний шинэ хувилбарыг танилцуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Соронзон дүүжин галт тэрэг нь Токиогоос Нагойя руу 500 км/цагийн хурдтай явах бөгөөд энэ шугамыг 2027 онд нээхээр төлөвлөжээ.


Нийгмийн амьдралд оруулах өөрчлөлт 


Олимпийн наадмын үеэр Японыг 600 мянгаас нэг сая хүртэлх гадны жуулчин зорино гэсэн тооцоо бий. Энэ үеэр түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн ачааллыг нэмэгдүүлэхгүйн үүднээс Токио хотын зарим компаниуд ажилтнуудаа олимпийн үеэр гэрээсээ ажиллахыг санал болгожээ. 


Тухайлбал, Мицубиши, Тоёота компаниуд энэ уриалгад нэгдсэн бөгөөд алсын зайнаас ажиллах туршилт явуулж, энэ нь амжилттай болсон байна. 


Олимпийн наадмын үеэр хэвлэл худалдаалах цэгүүдэд насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүлүүдийг худалдаалахгүй байх шийдвэр гарчээ. 


Мөн олимпийн үеэр зоогийн газруудад тамхи татахыг хориглосон байна. 


Байгаль орчныг чиглэсэн арга хэмжээ 

 

Олимпийн үеэр зочдоо тав тухтай байлгахаас гадна байгаль орчинд ч мөн онцгой анхаарал хандуулжээ. Ирэх олимпийн наадамд зориулан Тоёота компани 3700 гаруй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэн гаргасан бөгөөд тэдгээрийн 90 гаруй хувь нь цахилгаан, устөрөгчөөр ажилладаг юм байна. 


Наадмын зохион байгуулагчид хүнсний хог хаягдлыг бууруулах арга хэмжээг мөн олжээ. Тэд хоолыг зохистой хэмжээгээр захиалж, борлуулагдаагүй үлдсэн хоолыг бусад арга хэмжээн дээр ашиглах, хоол хүнс хэрэгцээтэй хүмүүст тараахаар төлөвлөсөн байна. 


Мөн наадмын үеэр хуванцар хаягдлын тоог бууруулах үүднээс олон удаагийн хэрэглээний сав суулгыг ашиглахаар болжээ. 


Түүнчлэн тамирчдад зориулсан 18 мянган ор, матрасыг дахин боловсруулагдах материал, картоноор хийсэн байна. 


Олимпийн бамбаруудыг 2011 оны газар хөдлөлтийн дараа түр хугацааны орон сууц барихад ашиглаж байсан дахин боловсруулагдсан хөнгөн цагаанаар хийжээ. 


Мөн медалиудыг ч дахин болловсруулсан материалаар хийсэн бөгөөд гар утасны дотор байдаг металл ашигласан байна. Энэ металлыг цуглуулахад иргэд Засгийн газрын уриалгыг дэмжин, 50 тонн хуучин гар утас цугларчээ. Ингэснээр 32 кг алт, 3500 кг мөнгө, 2200 кг хүрэл гарган авч, 5000 медаль хийсэн байна. 
Түүнчлэн эхний гурван байрын шагналтан гарч зогсох тавцанг тэнгисээс цуглуулсан хуванцар хаягдлыг боловсруулан хийжээ. 


Харин Японы шигшээ багийн хувцсыг дэлгүүрүүдэд байрлуулсан хайрцганд хийж цуглуулсан иргэдийн хуучин хувцсыг боловсруулан, оёсон байна. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ