Домог тэнгэрт халив: Кирк Дуглас 103 насандаа таалал төгсчээ

img

 

Холливудын нэрт жүжигчин Майкл Дугласын эцэг, кино урлагийн домог хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Кирк Дуглас 103 насандаа таалал төгсчээ. 

 

Энэ мэдээг Майкл Дуглас Твиттер хуудсаараа дамжуулан хүргэсэн бөгөөд "Тэр дэлхий дахины хувьд домог, кино урлагийн  алтан үеийн жүжигчин байлаа" хэмээн бичжээ. 

 

Кирк Дуглас 1916 оны 12 дугаар сарын есний өдөр Америкийн Амстердам хотод Орсоын эзэнт гүрнээс гаралтай гэр бүлд төрсөн. Түүнийг төрөх үед Исер Данилович гэсэн нэр өгч байжээ. Эцэг эх нь Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд нутаг дэвсгэр нь багтаж байсан Могилевск мужид амьдарч байх үедээ танилцсан байна. 

 

Тэд танилцан, гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа, 1910 онд АНУ-ыг зорьж, тэндээ зургаан охин, нэг хүү төрүүлж өсгөжээ.

 

Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан Исер сонин, хоол хүргэх зэрэг ажил хийн гэр бүлийнхэндээ туслан, орой нь эгч нар болон аав ээждээ зориулан жүжиг тоглодог байсан гэнэ.

 

Дунд сургуулиа төгсөн, коллежд элсэн орж, бөхийн спортод онцгой амжилт гаргасан тул спортын тэтгэлэг аван коллеждоо суралцан, төгсчээ. Улмаар 1939 онд Нью-Йоркийн Драмын урлагийн академид элсэн орсон байна. Энд суралцах үед нь оюутны багийн ахлагч нь түүнд уран бүтээлийн нэр өгсөн нь Исерт таалагдаж, ингээд л Кирк Дуглас гэх нэртэй болжээ. Мөн энэ академид суралцах үедээ ирээдүйн эхнэр Дайана Диллтэй танилцсан байна.

 

1941-1943 оны хооронд Дуглас АНУ-ын Номхон далайн флотын холбооны ангид алба хаажээ. Түүнийг анхлаад хараа муутай гэсэн шалтгаанаар цэргийн албанд татахаас татгалзсан ч Кирк "Нүдний шилгүй  хараа" гэх сурах бичиг олон, бие даан хараагаа сайжруулснаар цэргийн албанд тэнцэж чадсан байна.

 

Армиас халагдаж ирснийхээ дараа жүжигчний гараагаа эхлэв. Гэвч түүнд жүжигчний алдар хүнд тийм амархан ирсэнгүй. Харин жүжигчнээр ажиллаад хэдэн жил болсны дараа найруулагч Стэнли Кубрикийн "Спартак" кинонд Спартакийн дүрийг бүтээснээр алдар хүндийн оргилд хүрчээ. Тэрбээр уран бүтээлийн гараагаа эхлүүлснээс хойш 90 кинонд тогложээ.

 

Америкийн кино академийн шагнал болох Оскарт гурвантаа дэвшиж байсан ч 1996 онд л энэ шагналыг хүртсэн байна. Энэ нь хүндэт Оскар байжээ.

 

Тэрбээр 10 ном бичсэн, мөн 94 насандаа дэлхийн хамгийн ахмад блогчин алдартан гэгдэж байв. Кирк Дуглас олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэдэг байсны дээр буяны үйлсээрээ алдартай. Тэрбээр ядуу зүдүү өссөн бага насаа санаж, тусламж хэрэгтэй хүмүүст өгөөмөр ханддаг байжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ