Хоёрдугаар сарын тавны өдөр ОХУ-д гадаад улс орнуудын Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Энэ ёслолын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол улс ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй татагдан оролцохыг дэмжинэ хэмээн мэдэгдсэн байна.
"Худалдаа хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарууд дахь тодорхой төслүүдээр улс төрийн нягт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Орос, Монгол, Хятад гэсэн гурван талт хэлэлцээр хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагийн дээр Монгол улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд илүү идэвхтэй татагдан оролцохыг бид дэмжинэ" хэмээн Путин мэдэгджээ.
Энд дуулгахад, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг 2019 онд эгүүлэн татаж, улмаар Д.Давааг томилсон юм.
ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой. ОХУ-д суух элчин сайдаар томилогдсон Д.Даваа нь 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |