ТОКИО-2020: Роботууд хүний хөдөлмөрийг хөнгөвчилнө

Токиогийн Олимп эхлэхэд хэдхэн сар үллээ. Япон улс өмнө нь 1964 онд Олимп зохион байгуулж байсан бөгөөд тухайн үеийн гадаадын жуулчид 200 км/цаг гаруй хурдтай галт тэргийг хараад гайхширч байв. Харин энэ удаа Япон улс ямар ололт, шинэчлэлтээр бусдыг алмайруулах бол?
Роботуудыг өргөн ашиглана
Токио хотноо хиймэл оюун ухаан бүхий бага оврын цахилгаан машинууд ажиллах аж. Эдгээр нь объект руу хүрэх чиглэлийг тодорхойлох мэдрэгчтэй байх юм байна. Ингэснээр өмнө нь энэ чиглэлээр ажилладаг байсан сайн дурынхны тоо багасч, тэдний үүргийг роботууд гүйцэтгэх болжээ.
Нуруундаа бэхэлдэг Power Assist Suits цахилгаан төхөөрөмж ашигласнаар хүнд зүйл өргөх ажлыг хялбарчлах гэнэ. Төхөөрөмжийн тусгай мэдрэгчүүд механизм руу дохион дамжуулснаар хөдөлгөөнийг хөнгөвчилж, нуруунд ирэх даралтыг багасгах юм байна. Панасоник компанийн боловсруулсан энэхүү төхөөрөмж хөнгөн атлетикийн тамирчдын туслах болон нисэх буудлууд дээрх ачигч, тээвэрлэгчдийн ажлыг хөнгөвчлөх аж.
Түүнчлэн олимпийн объектууд дээр зочдыг угтах роботуудыг бүтээжээ. Эдгээр роботууд нь царай таних технологийг ашиглан тасалбаргүй хүмүүсийг ялгах чадвартайгийн дээр харилцан яриа үүсгэж, олон төрлийн хөдөлгөөн хийж чадах гэнэ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай роботууд үйлчлэх юм байна. Дэмжлэг үзүүлэх албаны роботууд үзэгчдийг хүрэх газарт нь хүргэж өгөх бол хүргэлтийн роботуудын тусламжтайгаар тэргэнцэртэй хүмүүс хоол, уух зүйл захиалах боломжтой гэнэ.
Түүнчлэн Gundam гэх алдартай анимэ дээр гардаг хоёр роботыг хиймэл дагуултаөй хамт хөөргөн, тэдгээр нь тамирчдыг дэмжсэн зурвас илгээн, Дэлхийн дүрсийг долоон камераар дамжуулах аж.
Тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн хоол
Токио хотод Олимпийн тосгонд 4500 болон 400 хүний багтаамжтай хоёр зоогийн газар байгуулжээ. Эдгээр нь өглөөний зургаан цагаас 21 цаг хүртэл ажиллах юм байна.
Өдрийн хоолны үеэр дэлхийн улс орнуудын 600-700 төрлийн хоол бэлдэх бол Японы уламжлалт хоол бэлтгэхдээ тус улсын өнцөг булан бүрээс авчирсан бүтээгдэхүүн ашиглахаар төлөвлөжээ.
Мөн ямар нэг амтлагчгүй хоол санал болгох бөгөөд тамирчид өөрсдийн хүссэнээр60 төрлийн амтлагчаар амталж идэх боломжтой гэнэ. Түүнчлэн хоолны цэсэнд халял, веган хоол болон глютенгүй хоолыг багтаажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ