Ухань хотоос ирсэн оюутнуудыг ХӨСҮТ-өөс маргааш гаргана


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү Монгол улсад бүртгэгдсэн титэм вирусийн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дорнод, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ сарын 13-нд ХӨСҮТ-д хоёр хүн тусгаарлагдсан байгаа. Мөн Бээжин-Улаанбаатарын онгоцоор БНХАУ-аас зургаан оюутан ирж тусгаарлагдан хянагдаж байна. Нийт энэ сарын 14-ны байдлаар ХӨСҮТ-д найман хүн Архангай аймагт нэг иргэн тусгаарлагдан хяналт, үзлэгт хамрагдаж байгаа" гэв.
Титэм вирусийн голомт нутаг БНХАУ-ын Ухань хотоос тусгай үүргийн онгоцоор ирсэн 31 оюутан нэг хүүхдийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа. Эдгээр иргэнийг давтан шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээгээр титэм вирус илрээгүй. Улмаар тусгаарлах 14 хоногийн хугацаа маргааш дуусч байгаа тул тус төвийн эмч нар зөвлөлдөн эмнэлгээс гаргахаар шийдвэрлэжээ. Оюутнууд хоёр удаагийн лабораторийн шинжилгээгээр эрүүл болох нь тогтоогджээ.
Иргэд, олон нийтэд титэм вирусийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх 24 цагийн утас ажиллаж буй.
Эрүүл мэндийн яам: 323002
ХӨСҮТ: 10080089829
ЗООНОЗ-ийн өвчин судлалын төв 70284393
СЭМҮТ 18002000
СЭТГЭГДЭЛ БИЧИХ