Д.Чойжамц: Өвчний аюул намжсаны дараа засал, номыг тусгай лам гаргаад хийнэ

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц мэдээлэл хийж, Сар шинийн, ирэх хулгана жилийн өнгийг зурхайд хэрхэн буусныг тодорхойлон хэлж байна.
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц:

-XVII жарны төмөр хулгана жил гарч байна. Монголын ард түмэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Хулгана жилийг ард түмэн бэлгэшээдэг. Гэхдээ шинжлэх ухаанаар бол цаг хугацааны үргэлжлэл. Бид аз жаргалтай сайхан амьдрах шалтгаанаа тавьж чадсан бол хулгана жилдээ сайхан байна.
Энэ жил сайхан жил гарах янзтай. Дэлхийгээрээ олон гариг, олон шашин зурлага зурдаг. Цагаан сараар монгол хүн хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн буюу битүүний өдрийг тэмдэглэж, цэвэрлэгээ хийж, идээ будаагаа засдаг. Түүгээр зогсохгүй хөөрөг зөрүүлж, эв нэгдлээ илэрхийлдэг. Шинэ жилдээ цэвэр оръё гэж мэндчилгээ хийдэг. Шинэ жилийн эхний өдрийг баяр баясгалантай тэмдэгдлэдэг. Монгол хүн бэлгэдлээрээ байдаг. Монголчуудын олон зууны турш шүтэж ирсэн бурханы шашин бол эвлэрэл, жаргалтай амьдралын эхлэл. Гэр бүл дотор байгаа хүмүүс бие биенээ ойлгож, нигүүсвэл аз жаргалтай байдаг. Ингээд гэр оронд жаргал үүсдэг.
Хэрүүл тэмцэл, атаа жөтөөнөөс болж тайван бус байдаг. Тийм учраас Цагаан сарын өдөр элбэг хангалуун, эв найртай байх хэрэгтэй.
Энэ жил хөгшчүүдэд зөөлөн, залууст хатуу, нялхаст ширүүн янзтай байна. Дундаж албан тушаалтанд ширүүн байх шинжтэй. Тариа, ногоо жилийн дунд үед бүрэн байна. Мал сүргээ анхаарах хэрэгтэй гэсэн зурлага гарсан байна. Бие хэл, сэтгэл гурваа зөв авч явбал сайн жил болно.
Алдаа бол хувиа бодсоноос болдог. Хувиа бодсон үзэл дээр үүсэж алдаа гардаг. Бусдыгаа бодох хэрэгтэй. Би олон сая хүний нэг. Би өвдвөл ах дүү, хамаатан садан, монголчуудаа бодох хэрэгтэй. Цагаан сарыг цуцлах гэж үгэн дээр би дургүй байгаа. Хөл хорио тогтооно гэж амгалантай үгээр хэлэх хэрэгтэй.
Гандантэгчинлэн хийдэд коронавирустай холбоотой маскийг үнэгүй тарааж, арц, утлага хийж эхэлсэн. "Ум дарэ дү дарэ, дү дари суха" уншлагыг уншиж, залбирч байна хэмээн айлдаад сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Шинийн 15-ны дотор засал, номоо хийлгэдэг. Энэ жил яах вэ?
-Цагаан сараар хийдэг гүрэм номыг тусгай лам нар гаргаад хийнэ. Энэ өвчин намжих хэрэгтэй. Олон нийтэд аль болох хийд рүү битгий ирээч гэж байгаа.
-Гандантэгчинлэн хийдэд ном хурах уу?
-Ном хурна. Шашин шүтлэгтэй орон ямар ч үед эрх чөлөөгөө хэрэгжүүлдэг.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ