Гадны тагнуул, түүнтэй хамтарсан монголчуудад оноосон ялыг хэвээр үлдээв


Монгол Улсын нутаг дэвсгэрт өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан Монгол улсын иргэдийн үйлдлийг илрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулж байсан. Улмаар тухайн этгээдүүдийн гэмт үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүхээс 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд:
Ван Чень Хуныг гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 13 жил хорих ял
А.Мөнхнаранг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 17.4 дүгээр зүйлийн 2.1 буюу албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил хорих ял
Д.Амгаланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 19.12 дугаар зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил 3 сар хорих ял тус тус оногдуулсан юм.
Ван Чень Хун, Д.Амгалан, А.Мөнхнаран нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хаалттай хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ