Сэрэмжлүүлэг: 1.87 хувийн согтолттой жолоочийн балгаар гурван хүн гэмтэв

Жолоочийн хариуцлагын оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдолд 10 оноо автоматаар 0 болохоор журам батлагдсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуу жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна гэж заасан байдаг. Энэ бүх хууль дүрмэнд захирагдаж, согтуу жолоочийн тоо буурч байна уу гэвэл үгүй.
Хоногт дунджаар 20-50 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо баасан гариг болон баяр ёслолын өдрүүдэд 2-3 дахин нэмэгддэг. Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох явган зорчигч ч цөөнгүй бий гэдгийг албаныхан мэдээлж байна.
Өнөөдөр /2020.02.18/ 00.16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11-р хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна.
Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог драйгер багажаар шалгахад 1.87 хувийн согтолттой гарчээ.
Автомашин жолоодох эрхээ хасуулсан, үнэмлэхээ хураалгасан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэр нь автомашин жолоодон гэмт хэрэг үйлдэж, осолд өртөж өөрийгөө болоод бусдыг гэмтээдэг. Өөрөө болон өрөөлийг хохироож, гэмт хэрэгтэн болдог. Гэм, зэмгүй нэгний амьдралыг сүйрүүлдэг. Гэвч гэмээ ухаарч, аюулаас айж, эрсдлийг тооцоолохгүй байгаа нь толгой сэгсрэхэд хүргэж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 12-р зүйлийн 1, 2 дугаар зүйлд “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.
Гэвч жолооч нар автомашин дотроо архидан согтуурах, овоо, даваан дээр гарч архи уух, хамт олон найз нөхөд, ах дүүгээрээ нийлж архи уусны дараа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал гаргасаар байна. Эрхийг нь хасч, баривчилж үзлээ. Гэвч уусаар, автомашинаа жолоодсоор, хүний эрүүл мэнд, алтан амийг хохироосоор л байна.
Дэлхийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ослоор нас барагсдын тоогоор 2018 онд Монгол Улс тэргүүлж байв. Эмгэнэлтэй бас ичмээр...
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ