"Газпром"-ын тэргүүн Монгол Улсын Элчин сайдтай хийн хоолойн асуудлаар ярилцжээ

"Газпром"-ын тэргүүн Алексей Миллер Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Д.Даваатай ажлын уулзалт хийж, Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу Оросын хийг нийлүүлэх боломжийн талаар ярилцсан гэж ТАСС мэдээллээ.
"Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу хий нийлүүлэх хоолойн төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар талууд ярилцсан. Тэр дундаа төслийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай ярилцлаа" хэмээн"Газпром"-ын хэвлэлийн алба дамжуулсан байна.
Энд дуулгахад, Оросын хий дамжуулах хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах саналыг манай улс олонтаа гаргасан бөгөөд 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улаанбаатарт айлчилсны дараа асуудал дахин эрчимтэй яригдар болсон юм. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Газпром"-ын тэргүүн Алексей Миллертэй уулзан, баруун чиглэлээр Хятад руу хий нийлүүлэхдээ Монгол улсын нутаг дэвсгэрээр дайруулах боломжийг судалж үзэхийг хүсч байв.
Мөн Орос, Монгол улс төслийн ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон бөгөөд энэ хэсэгт Хятадын тал ч нэгдэх учиртай юм.
Улмаар, өнгөрсөн оны 12 дугаар сард "Газпром" хий дамжуулах хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дайруулах боломжийг судлан, хамтарсан үнэлэлт дүгнэлт хийх санамж бичгийг Монгол улстай байгуулсан. Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак "Сила Сибири-2" төслийн төрөл бүрийн чиглэлийг хэлэлцэж байгаагийн дээр Монгол улстай төслийн үнэлгээ хийх ажил хэдийнэ эхэлсэн гэж энэ сард мэдээлж байв. Түүнчлэн энэ мэдэгдлийн дараахан Казахстан энэ төслийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах санал тавьж байгаагаа илэрхийлж байлаа.
Энд дуулгахад, Оросын "Гзапром" болон Хятадын CNPC компаниуд баруун чиглэлээр /"Сила Сибири-2"/Хятад руу хий нийлүүлэх тухай хэлэлцээрийг 2015 онд байгуулсан. Энэ нь Баруун Сибириэс Новосибирск хүртэл, цаашлаад Орос-Хятадын хил хүртэлх тээврийн хонгил дээр шинээр хий дамжуулах систем байгуулах тухай хэлэлцээр юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ