Сэрэмжлүүлэг: Гэр шатаж 1-4 насны хоёр хүүхэд энджээ


Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна.
Гал түймрийн дуудлага мэдээлэл 2020.02.20-ны өдрийн 15:11 цагт Онцгой байдлын албанд ирж тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж галыг унтраажээ.
Уг гал түймэрт С /1 нас, эмэгтэй/, У /4 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Долоо хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд таван ханатай гэр шатаж иргэн Э /33 настай, эрэгтэй/, Б /33 настай, эмэгтэй/, Х/14 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан. Иргэн Э гал гарах үед хүү Б /12 настай, эрэгтэй/, охин Б /3 настай, эмэгтэй/ нарыг гэрийн тооноор гаргаж амжсан ч харамсалтай нь эхнэр хүүхдийн хамт амь насаа алдсан.
Иймд:
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
-Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,
-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ