Бяцхан зүрхнүүдийн төлөө хандивын аянд нэгдэхийг хүслээ

Түмэнжаргал В.Урантуяа нар 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр бүл нэмж Т. Бэлэгт, Т.Баярт гэх хоёр ихэр хүүгийн ээж аав болцгоосон. Ингэж ам бүл 6 болсон боловч Бэлэгт хүү нь төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажигтай төрсөн. Тодруулбал, гол судас баруун ховдлоос гарсан, ховдол хоорондын таславч 0.7 см, уушгины артерийн судас нарийн гэсэн оноштойгоор Монголд эмчлэгдэх боломжгүй байна. Уг гажиг нь удамшаагүй бөгөөд олдмол гэж тогтоогджээ. 2020 оны хоёрдугаар сарын 04-нд БНХАУ-ын Хөх хотод хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан боловч дэлхий даяар тархаж буй коронавирусийн халдвар гарч хөл хорио тогтоосны улмаас эмчилгээнд явах боломжгүй болсон.
Дархан-Уул аймгийн иргэн М. Янжиндуламын бяцхан охин Б.Аззаяа 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн. Одоо 10 сартай. Охин төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажиг, ховдол хоорондын цоорхой 0.8 см, том цоорхойтой. Тосгуур хоорондын таславч зуйван, цонх хаагдаагүй, зүүн ховдол томорсон, уушгины артерын даралттай, зүрх нь томорсон, гол судас нарийссан гэсэн оноштойгоор мөн Монголд эмчлэгдэх боломжгүй. Үүнээс үүдэн Энэтхэг,Турк улсуудад хагалгаанд орох хүсэлтэй байгаа боловч санхүүгийн асуудлаас үүдэн хугацаа алдсаар л ...
Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Т.Бэлэгтийн ээж В.Урантуяа, Б.Аззаяагийн ээж М. Янжиндулам нар дээрх мэдээллийг хийж, хандивын аянд нэгдэхийг уриаллаа.
Одоогоор Т.Билэгт, Б.Аззаяа нарын биеийн байдал маш хүнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/-д Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Т.Билэгт, Б.Аззаяа нарын хувьд Энэтхэг улсад хагалгаанд ороход 30-40 сая, Турк улсад 60-70 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Одоогоор хагалгааны зардлын 10 хувийг л гэр бүлийн зүгээс гаргах боломжтой гэнэ. Дашрамд дурьдахад ЭХЭМҮТ-д яг ийм оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй олон хүүхэд байдаг байна.
Тиймээс сайхан сэтгэлт ард түмэндээ хандаж, хандивийн аян эхлүүлээд байна.
Та бүхнийг өглөгийн гараа сунган хандивын аянд нэгдэхийг хүслээ.
Т.Билэгт ээж В.Урантуяа. Утас: 80805061
Хандивын данс: ХААН БАНК 5052016162
Охин Б.Аззаяагийн ээж М.Янжиндулам, Утас: 85315685
Хандивын данс: 5088158628
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ