ЭМЯ: Франц улсын иргэнд халуурч, ханиасан шинж илрээгүй тул явуулсан

Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирлээ. Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцож COVID-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн ч тархаахгүй байх нь хамгийн чухал байгааг анхаарууллаа.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 59 зорчигч ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д сэжигтэй нэг тохиолдол, ажиглалтад таван тохиолдлыг тусгаарласан. Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 175 зорчигч ирсэн. Тандалт, судалгаа, үзлэг, шинжилгээ яг одоо үргэлжилж байна. Дархан-Уул аймагт Сүхбаатар боомтоор орж ирсэн Сэлэнгэ чиглэлийн галт тэрэгнээс 25 хүнийг тусгаарлалта авсан байна. Нийтдээ Дархан-Уул аймагт 62 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авсан байна" гэлээ.
Өнгөрсөн хугацаанд "сэжигтэй тохиолдол" гэж үзэн 264 хүнийг тусгаарлаж оношийг үгүйсгэсэн бол нэг тохиолдлын шинжилгээний хариу эерэг буюу COVID-19 вирус халдварласан болох нь батлагдлаа.Тодруулбал 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн коронавирусын халдвар авсан байна. ХӨСҮТ-ээс мэргэжлийн эмч нарын багийг тандалт, судалгаа хийлгэхээр илгээсэн бөгөөд онош батлагдсан иргэн 36.7 хэмийн халуунтай, биеийн байдал зовиургүйгээр кемпэд тусгаарласан байгаа аж.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсад анхны батлагдсан тохиолдол илэрлээ. Батлагдсан тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Шинж тэмдэг илэрснээс хойш хавьтлыг тодруулах тандалт судалгааг хийсэн. Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80 хавьтал нийт 123 хүний хавьтлыг илрүүлж тусгаарлах, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Хэдий таагүй мэдээ дуулгаж байгаа гэсэн ч сандрах хэрэггүй. Энэ вирустэй дэлхийн 100 гаруй улс нүүр тулсан. Бид өнөөдөр нүүр тулж байна. Бид хэрхэн зохион байгуулалтад орж ажиллахаа бэлтгэсэн. Тиймээс хэт айж, сандарч бидний ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна. Сураг сонсоод л иргэд утасдаад байгаа нь ажлын ачаалалтай бидэнд дарамт болж байна. Бид хийх ажлаа сайтар төлөвлөсөн байгаа" гэлээ.
Өчигдөр ХӨСҮТ-д долоон хүнийг тусгаарлан тандалт судалгаа, шинжилгээ хийж байгаа аж.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тухайн иргэнийг онгоцноос буухад халуурах, ханиах шинж тэмдэггүй байсан тул өөрийгөө гэртээ тусгаарлаж, ажиглах зөвлөмжийг өгөөд явуулсан. Түүнтэй хамт онгоцоор зорчсон зэрэг ойрын буюу нэгдүгээр хавьтлын ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа. Хоёрудугаар буюу хавьтлын хавьтал болсон бүх хүмүүсийг 14 хоногийн турш ажлаас нь чөлөөлөн гэр гэрт нь тусгаарлах шаардлагатай" гэлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ