ФОТО: Халдвартай иргэний үйлчлүүлсэн газруудыг битүүмжиллээ


Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах ажил үргэлжилж байна.
Түүнтэй нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Мөн халдвараар өвчилсөн иргэний үйлчлүүлсэн "Баянгол" зочид буудал, "Веранда", "Ариг" ресторан, ICC Tower зэрэг оффисийг битүүмжилж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлжээ.
Дээрх байгууллагуудаар үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна.
Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг. Нутагтаа 10 гаруй хонохдоо гэрийн ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлсэн, сүүлийн 14 хоногт зэрлэг мал, амьтан, сэг зэмтэй харьцаагүй, далайн захаар яваагүй, ойролцоох мужийн Зеблин дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн гэж өгүүлжээ.
Монгол Улсад ирж Баянгол зочид буудалд байрлахад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах зөвлөмж өгсөн ч хайхраагүй байна. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах Энержи” компанийн “Зөөгч Овоо” кэмпэд байрласан аж. Түүнээс хойш халуурах, хамар битүүрэх, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь тогтвортой, 36.7 хэмийн халуунтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ