Ороо бусгаа цагийг энх давах итгэлээ битгий алдаарай

Өнөөдөр “Covid-19” коронавирусийн халдвар Монголд илэрсэн таагүй мэдээтэй, бүрхэг өглөө. Хэдийгээр өглөөний наран урьдын адил мандсан ч хүмүүсийн өнөөдрийн сонссон мэдээ айдас түгшүүр дагуулж сэтгэл бүрхлээ. Удсан ч үгүй утас дуугарлаа, ээж залгаж байх юм.
-Вирус илэрсэн гэнэ ээ, гэрээсээ битгий гараарай. Одоо яадаг билээ, аюул болох нь, ажил төрөл ч яах уу гэртээ л байж байгаарай гэж сандрангуй, санаа зовсон нь андашгүй, аминчлан захиж байна. Арга ч үгүй биздээ эх хүн гэрээсээ хол, хот суурин газар байгаа үрдээ санаа зовж л суугаа байх.
-За, ээжээ санаа зоволтгүй... гээд утас тасарлаа. Дараагийн дуудлага дүүгээс минь ирж байна.
-Эгчээ вирус гарсан гэж үнэн үү? гэж лавлахын сацуу хоолойн өнгө нь айдаст автаж байгааг нь илтгэнэ.
-Тиймээ, Улсын онцгой коммиссын хурлаас гарсан шийдвэрээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгсөн. Монголд гуравдугаар сарын 2-ны өдөр Москва -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр “covid-19” вирус илэрсэн гэнэ. Давтан шинжилгээ хийж баталгаажуулна. Одоогоор Дорноговь аймагт Францын иргэнийг тусгаарласан. Тухайн иргэн монголд ирснийхээ дараа эхлээд Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзсан байна. Гуравдугаар сарын 2-нд ирээд, 7-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан. Шадар сайд Ө.Энхтүвшин гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах хөдөлгөөнийг хязгаарласан гэснээр бидний яриа өндөрлөлөө.
Хлорамины уусмал хамар цоргисон ОРЦ
Цагийн зүү 08:00 цагийг зааж ажилдаа явах цаг болжээ. Амны хаалтаа давхарлаж зүүгээд гэрийн хаалгаа таттал хлорамины уусмалаар орцыг цэвэрлэсэн бололтой үнэр нь орцоор нэг хамар цоргион. Таван давхраас шатаар буухад хамар сэтлэх дөхлоо. Гэхдээ урьд нь байрнаасаа гарах гэж элдэв үнэрт амьсгаа түгжин хол замыг туулж байгаа мэт санагддаг байсан бол өнөөдрийн нөхцөлд хлорамин үнэртсэн орц сайхан санагдаж жижүүр эгчдээ талархаж явлаа.
Миний зорих газар ажлын оффисе биш. Ханиад томуу өвчлөл, цаг үеийн байдал, иргэдийн эрүүл мэнд, анхаарал халамж дархлаагаа хадгалахын тулд ямар ямар арга хэмжээг авах, 5-12 настай хүүхдүүдийг эцэг эх нь сахиж байгаатай холбогдуулаан мэдээ мэдээлэл тодруулга авах зорилготой Баянгол дүүргийн эрүүл мэндийн VII төвийг шууд зорих төлөвлөгөөтэй.
"Улавчаа өмсөөрэй, гараа ариутгаж, халуунаа үзүүлээд ороорой"
Хөл хөдөлгөөн ачаалал ихтэй. Эрүүл мэндийн төвийн хаалгаар ортол "улавчаа өмсөөрэй, гараа ариутгаж, халуунаа үзүүлээд ороорой" гэж үүдний угтагч нар нь анхааруулж хүн орж ирэх тоогоор давтан давтан хэлж байлаа.
Би ч лавлах дээр очиж зорилгоо хэлэхэд есөн давхарт 901 тоотод очоорой гэв. Үүдний эмийн сангаас зуун төгрөгөөр улавч авч өмсөөд гараа ариутгаад дээш гарлаа. Хэлсэн ёсоор даргын нарийн бичиг гэсэн хаягтай хаалгаар орж зорилгоо хэлтэл:
- Уучлаарай дарга, эмч нар хуралдаж байгаа учраас одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Таны мэдээллийг тэмдэглэж аваад хурлаас гарч ирэхээр нь танилцуулаад эргээд холбоо барья гэв. Ингээд нөхцөл байдалтай холбогдуулан хурал нь хэзээ дуусахыг мэдэхгүй би ажилруугаа явлаа.
ТБД Андуудаас -Төв талбай хүрэх зам
Нийтийн тээврийн хөдөлгөөнийг хориглосон журмын дагуу хөдөлгөөн зогчээ. Хувийн машинтай хүмүүс ихээр замын хөдөлгөөнд оролцож, хувьсгалын унаагаар ард түмнээрээ зорчдог иргэд бидэнд ажилдаа алхаж очих эсвэл такси барьж явах сонголт байлаа. Гэхдээ өнөөдрийн тухайд яараагүй л бол иргэд алхахыг илүүд үзсэн бололтой. Гудамжаар, зам даган алхах хүмүүс. Би ч мөн адил алхахыг илүүд үзлээ.
Зөрж өнгөрөх хүмүүс гар хийцийн хийгээд эмийн сангаар зарагддаг амны хаалтууд зүүсэн байлаа. Урьд вирус илрээгүй байхад амны хаалт зүүгээгүй хээв нэг алхах хүмүүс тааралддаг байсан бол өнөөдрийн тухайд бүхий л хүмүүсийн харцанд айдас, биентэйгээ ойртож ярилцахаас жийрхсэн байдал ажиглагдана. Арга ч үгүй биз. Ёстой нөгөө цаг үеийн ороо бусгаа энэ байдал хэн бүхнээс өөрийгөө болоод өрөөлийг хамгаалах хариуцлага, анхаарал шаардана. Бид ингэж байж л эрүүл цаашлаад амьд үлдэх учраас тэр.
Супермаркет, дэлгүүрийн хажуугаар өнгөрөхөд хоёр гарандаа багтаж ядсан, дааж ядсан тор тороор нь хүнс,өргөн хэрэглээний бараа бололтой зүйлсийг авч явна. Цаашид үүсэх нөхцөл байдлыг тааварлашгүй учраас тэр.
Урд нэг бүсгүй утсаар ярьж байх юм. Бүсгүй “харин тиймээ, илэрсэн гэнээ, маскаа сайн зүүгээрэй болохгүй нь, одоо яанаа” гэж ярилцана. Өнөөдрийн гол сэдэв , ямагт эрүүл мэнд чухал. Бүсгүй рүү санаа зовсон эцэг эх, гэр бүлийнхэн найз нөхөд нь ярьсан байлгүй. Түгшүүрийн байдалд байгаа иргэд, би ч гэсэн түгшүүрийн байдалтайгаар ажлын оффисе дээрээ ирлээ. Амны хаалтаа зүүсэн чигээрээ ажлын ширээн дээрээ суугаад энэ тэмдэглэлээ бичиж сууна.
Утсанд дуудлага, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр ирдэг анхааруулсан мессеж,найз нөхдийн санаа зовж анхааруулсан чатууд хөвөрнө.
Хамт ажилладаг эгчийн утсанд дуудлага ирлээ.
-Аав зам хаасан гэсэн,
-Харин тиймээ вирус илэрсэн. Маскаа зүүж байгаа гээд л яриа өндөрлөлөө.
Арга ч үгүй биз аавын алга үрс, адилхан эцэг эхээс төрсөн юм болохоор санаа зовж л суугаа биз. Тэмдэглэлийг минь цаг гаргаж уншиж суугаа та бүхэнд ч гэсэн ээж аавын анхааруулсан дуудлага тасрахгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.
Тэмдэглэлээ бичиж суухдаа ахиад л мэдээлэл сонслоо. Худалдааны төв, зах үйлчилгээний газруудыг хаахгүй гэсэн хэдий ч хүмүүс олноороо цугларч, дугаарлаж, хүнсээ цуглуулсаар байгаа мэдээлэл хөвөрсөөр...
Ингэж олноороо цугларах нь харин ч эрсдэл учруулж байгааг бүгд ойлгож л баймаар юм. Эцэст нь түүхэнд “хар”-аар тэмдэглэгдэх энэ өдөр бичиж буй тэмдэглэлээ иргэд та бүхэн тайван , дор бүрнээ хариуцлагатай, ухамсартай байж энэ цагийг энх давах итгэлээр жаргаая.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ