Халдвартай иргэнийг ХӨСҮТ-д авчирсан, биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.11/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
ДЭМБ-ын ажилтан Б.Ариунтуяа "ДЭМБ-ын мэдээгээр өнөөдрийн байдлаар дэлхийн 109 улсад COID-19 вирус бүртгэгдэж, нийт 113 мянга 702 тохиолдол батлагдсан байна. Халдварын улмаас дэлхий дахинаа 4012 хүн амь насаа алдаад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Турк, Монгол зэрэг таван оронд шинээр өвчлөл бүртгэгдсэн. Нийт 180 гаруй мянган хүнд лабораторийн шинжилгээ хийхэд 89 хувьд нь халдвар илрээгүй, 10 хувьд нь халдвар илэрчээ. Халдвар дэгдэлтээс гарч цар тахлын хэмжээнд хүрэхэд маш ойрхон байгааг ДЭМБ-ын хурал дээр онцолсон. Тиймээс хэн нэгнийгээ гадуурхахгүй эв нэгдэлтэй байж чадсанаар тархалтыг хяналтандаа авч чадна гэдгийг ДЭМБ-аас уриалсан" гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 107 зорчигч ирснээс 70 иргэнийг тусгаарлан ажиглалт үргэлжилж байна. Дархан-Уул аймагт нийт 63 хүнийг ажиглалтад аваад байгаа. Эдгээр иргэний биеийн байдал хэвийн. Ингээд нийтдээ нэгдүгээр сараас хойш 1206 тохиолдлыг тусгаарласан бол өнөөдрийн байдлаар 700 хүн ажиглалтад байна.
COVID-19 вирусийн халдвар батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын 71 хүн байна. Халдвартай иргэнд зөвлөх эмч нар газар дээр нь очиж үзлэг хийн ХӨСҮТ-д тээвэрлэн авчирсан. Тээвэрлэлтийн явцад биеийн байдал хүндрээгүй. Амин үзүүлэлтүүд хэвийн. Уушгиндаа нэвчистэй гэсэн шинж тэмдэгтэй биеийн байдал хүндэвтэр эмчилгээ, оношилгоо хийлгэж байна" гэв.
Халдвараар өвчилсөн Франц улсын иргэний ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа аж. Урьдчилсан байдлаар эхний 23 хүний хариу сөрөг гарсан, вирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.
Дашрамд мэдээллэхэд Эрүүл мэндийн яамны 119 дугаар 24 цагийн турш үнэ төлбөргүй ажиллаж иргэд, олон нийтэд зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар энэхүү утсанд 900 гаруй дуудлага ирснээс 300 гаруй нь хуурамч дуудлага иржээ. Иймд эрүүл мэндийн байгууллагын ажилчдын үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг иргэд, олон нийтээс хүслээ.
Мөн СЭМТ-д 18002000 утас ажиллаж сэтгэлзүйн дэмжлэг хүссэн бүх хүнд зөвлөгөө өгч байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ