"ДЭМБ-ын ажилчдаас COVID-19 илрээгүй тул өглөө буцсан"


ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр гуравдугаар сарын 2-11 хооронд манай улсад ажиллаа. Тэд өнөөдөр /2020.03.11/ өглөө нутаг буцжээ.
Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирээд байна.
Уг онгоцонд ДЭМБ-ын төлөөлөгч хамт зорчиж ирсэн бөгөөд тэд Улаанбаатар хотод болон хөдөө, орон нутагт уулзалт сургалт зохион байгуулсан тул иргэд, олон нийт төлөөлөгчдийг халдвар тараасан байж болзошгүй хэмээн сэрэмжлээд байв.
Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ДЭМБ-ын төлөөлөгчид шинжилгээнд хамрагдсан. Тэднээс COVID-19 илрээгүй учраас өнөөдөр өглөө онгоцоор буцсан. Монголчуудад туслах гэж халуун сэтгэл тээж ирсэн хүмүүсийг буруутгах нь муухай. Тэд өндөр түвшний мэргэжилтнүүд тул өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалах арга, хэрэгслүүдийг сайтар ашиглаж явсан" гэлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ