Д.Нямхүү: Франц улсын иргэн Монголд эмчлүүлэхээр сэтгэл шулуудсан

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 117 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас COVID-19 вирусийн халдварыг цар тахал гэж зарлалаа. Цар тахал гэж аливаа халдварт өвчин дэлхийн ихэнх улс орныг хамарч, олон хүний амь нас эрүүл мэндэд аюул нүүрлэж буй нөхцөл байдлыг хэлдэг байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий нийтээрээ дөрвөн цар тахалтай нүүр тулжээ. Хамгийн сүүлийн цар тахалтай 10 гаруй жилийн өмнө тулгарсан бөгөөд энэ нь H1N1 тахал байв.
Цар тахлын үед хэт их айдаст автаж дархлаагаа сулруулахгүй байх, цуу ярианд итгэх, тараах, эрүүл мэндийн салбарын болон бусад байгууллагын хэрэгжүүлж буй арга хэмжээг мушгин гуйвуулж хэт мэдэмхийрэхгүй байж шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө мэдээлэлд итгэхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д 31 нас баралт шинээр бүртгэгдсэн бол БНСУ-д 242 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иранд 881 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдол 8042-т хүрлээ. ДЭМБ-ын ерөнхий захирал хэлсэн үгэндээ зарим улс орон тахлыг тогтоон барих арга хэмжээ авахгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн. Улс орнууд халдварын тохиолдлыг эрт илрүүлж, хавьтлыг нэг бүрчлэн судалснаар анхны тохиолдлыг голомт болохоос сэргийлэх нь чухал байна" гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлан ажиглах байранд нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1248 хүн тусгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 65, Сэлэнгэ аймагт 8, Жаргалантын аманд байгаа 23 хүнийг өнөөдөр ажиглалтаас тусгаарлана. Биеийн байдал сайн, зовиургүй байгаа.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Монгол Улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан халдвар авсан байж болзошгүй 260 хүнийг тогтоох ажлыг цагдаагийн байгууллагаас явууллаа. Франц улсын иргэнтэй ойрын болон дам байдлаар харилцаанд орсон иргэдийг тогтоох ажлыг явуулахад 300 гаруй хүнтэй харилцаанд орсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Франц иргэний ойрын хавьтлын 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдваргүй болох нь тогтоогдсон. Франц иргэний хувьд эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ өнөөдөр хийсэн. Түүний сэтгэл санааны байдал маш тогтворгүй байна. Уг иргэн манай улсын эмчийн ур чадвар, эмчилгээнд найдаж байгаагаа илэрхийлсэн. Өчигдөр ХӨСҮТ-д найман сэжигтэй тохиолдол тусгаарлагдан тандалт шинжилгээ, эмчийн үзлэг хяналт хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 149 хүнийг хяналтад авсан байгаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ